2025-05-06
10
Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын санаачилгаар Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүрэгт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монгол Улсын шадар сайдын зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Төгөлдөр, Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ф.Мөнхгэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ гэмт хэрэг, зөрчлийн хамгийн том хүчин зүйл болох архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг сайжруулах, энэ талаарх гадны сайн туршлагыг нэвтрүүлэх ажилд ахиц дэвшил гарч байгааг дурдлаа. Түүнчлэн донтох эмгэгтэй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх “Нөхөн сэргээх төв” байгуулахаар Ажлын хэсэг байгуулсан, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа тухайгаа танилцуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай бөгөөд тэдгээрийн хамтын ажиллагааг бодлогоор уялдуулан зохицуулах нь шат шатны төрийн байгууллагуудын үндсэн үүрэг байдаг. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын ололт амжилт, туршлагаа хуваалцаж, санал дүгнэлтээ нэгтгэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой” гэж нээлтийн үгэндээ онцлов.
Уулзалт, хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг “Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж танилцуулга хийсэн бол Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат “Согтуурах донтой хүний эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”, ЦЕГ-ын ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан “Зам тээврийн осол, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, тус газрын Урьдчилан сэргийлэх албаны ГХЗУСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “Аюулгүй орчин, ухаалаг ногоон бүс” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл өглөө.
Нэгдсэн уулзалтын дараа дараах гурван үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн:
1. Архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам,
2. Камерын хяналт, теле хяналтын дэд төвийн хөгжүүлэлт, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал,
3. Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдийг хэлэлцэн, цаашид хамтран ажиллах тодорхой саналуудыг гаргалаа.
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд дээрх гурван дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, орчин үеийн шаардлагад нийцсэн теле хяналтын камерын системийг дэд төвтэй холбох ажлыг зохион байгуулахад ихээхэн ач холбогдолтойг оролцогчид онцолсон.
Мөн арга хэмжээний үеэр шагналын хур бууж, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Алтансүх, замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Жанболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Ууганбаяр, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батбаяр, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Батбаяр, Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Амарбаатар нар энгэрээ мялаалаа.
Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн оролцоог бодитоор хангах, дүүргүүдэд хэрэгжүүлэх бодлогын түвшний шийдвэрүүдийг дэмжих зэрэг олон чухал асуудалд санал нэгдэн, цаашдын ажлын санал зөвлөмжийг тодорхойлов.