
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/213 дугаар захирамж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/62 дугаар захирамжийн дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын ажлын хэсэгт нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн албан хаагчид оролцон ажиллав.

Шалгалтын явцад Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Орон сууцны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг ханган ажиллаж буй байдалд үнэлгээ хийж, санал дүгнэлт гаргалаа.
Дүүргийн хэмжээнд нийт 22 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвшөөрөлтэй 5, зөвшөөрөлгүй 17 байгууллага байгаа нь тогтоогдов.

Ажлын хэсгээс шалгалтын дүнг нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудад санал зөвлөмж хүргүүлж ажиллахаар боллоо.









