
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н. Мандуул, Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч А. Туяабаатар, ИТХ-ын Төлөөлөгч, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Т. Батсүх нартай уулзаж, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн өнөөгийн ахиц дэвшил, ололт амжилтыг үнэлэх, цаашид өргөжүүлэх боломжуудын талаар ярилцан санал солилцлоо.

Уулзалтаар: Төлөөлөгчид дүүргийг ногоон болгох, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, байгаль орчны ногоон хөгжлийн чиг хандлагыг түүчээлэхэд энэхүү төсөл чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Мөн БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг ЕБ-ын "Голомт" сургуулийн эко клубийн сурагчидтай уулзаж ярилцсан юм. Энэхүү эко клуб нь нийт 20 сурагчтайгаар тогтмол үйл ажиллагаа явуулдаг. 2024 оноос Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллаж, сурагчдад мод тарих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр мэдлэг мэдээлэл олгож байна. Мөн төслийн талбайд мод тарих үйл ажиллагаанд тус эко клубийн сурагчид манлайлан оролцдог. Уулзалтын үеэр, БНСУ-ын захирал, удирдлагын баг сурагчидтай уур амьсгалын өөрчлөлт, мод тарихын ач холбогдлын талаар ярилцсан юм. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон: "Энэхүү төслийн хүрээнд хүүхдүүд мод тарих үйл ажиллагаанд оролцохоос гадна мод тарихын ач холбогдлыг ойлгож, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээлэлтэй болох нь чухал" гэдгийг онцлоод тэдэнд амжилт хүслээ.

Тус баг нь ойжуулалтын амжилттай төслүүдийн туршлагаас суралцах, зочлох, төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн удирдлагуудтай уулзах, төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцох, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан болон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцах зорилгоор Монголд ажиллаж байна.





