Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгч Нунсан хотын олон улсын харилцааны тусгай зөвлөх Ион Жонкү, олон улсын харилцааны менежер Ким Кванки, олон улсын харилцааны зохицуулагч Чой Миёон нар 2017 оны 04-р сарын 12-ны өдөр Налайх дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс оролцож, Монгол Солонгос хоёр орны найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй эртний түүхт Пэкжэ улсын өлгий, гүзээлзгэнэ үйлдвэрлэлээрээ алдартай Нунсан хотын төлөөлөгчидтэй уулзсандаа баярласнаа илэрхийлээд байгалийн үзэсгэлэнт газар Горхи Тэрэлжийн цогцолбор, аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүргийн талаар танилцуулсан юм. Мөн хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Налайх дүүрэг, Нунсан хотын аялал жуулчлал, ХАА-н салбар, хог хаягдлын менежментийг сайжруулах, дулааны эрчим хүчны чадлыг нэмэгдүүлэх, камержуулалтын системыг нэвтрүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа.
Нунсан хотын олон улсын харилцааны тусгай зөвлөх Ион Жонкү хэлэхдээ “Монгол улсад айлчилж байгаадаа маш их баяртай байна. Налайх дүүргийн удирдлагууд биднийг халуун дотноор хүлээн авч байгаад баярлалаа. Нунсан хотын дарга энэ оны 05-р сарын 22-26-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж, хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа. Тус санамж бичигт хоёр орны хамтын ажиллагааг ерөнхийлөн тусгаж өгсөн. Уг санамж бичигт үндэслэн ХАА, уул уурхай, аялал жуулчлал, шинжлэх ухаан, техник технологийн тал дээр хамтран ажиллах төсөл боловсруулан ажиллая. Энэ намар Налайх дүүргийн удирдлага, холбогдох байгууллагуудын хамтаар манай хотод ирж туршлага судлахыг хүсэж байна” гэж хэлэв.
Уулзалтын дараа Нунсан хотын төлөөлөгчид хүлэмжийн аж ахуй, гэр цэцэрлэг, мал аж ахуй, аялал жуулчлалын бүс нутагтай танилцлаа.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ