Шинэчилсэн төслийн танилцуулгыг Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа танилцууллаа. Өмнө нь тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага хэт ерөнхий байсан бол шинэчилсэн төсөлд нарийвчлан зааж өгчээ. Тухайлбал:
2.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагааны төрлөөс хамаарч худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан /бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын гэрчилгээтэй/ байх; 2.2.Худалдаа, үйлчилгээ явуулах байр нь үйлчилгээний зориулалттай, холбогдох хууль тогтоомжоор хориглоогүй байршилд байх;
2.3.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь шинээр үйл ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийхийн өмнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын салбар хариуцсан мэргэжилтэн нараас зөвлөгөө авсан байх;
2.4.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэстэй Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан байх;
2.5.Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх
2.6.Гэр хорооллын нутаг дэвсгэрт шинээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд халаалтын асуудлыг цахилгаан болон шинэ дэвшилтэт технологийн шийдлээр шийдсэн, цэвэр, бохир усны төвлөрсөн болон хэсэгчилсэн системд холбогдсон байх;
2.7.Ашигласан, эзэмшсэн, өмчилсөн газраас гадна орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижилтын ажлын журмын дагуу тохижуулсан байх;
2.8.Эзэмшил газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж, бий болгосон байх;
2.9.Хаяг, рекламыг холбогдох журам, тавигдах шаардлагын дагуу хийж, байршуулсан байх;
2.10.Тухайн хорооны Засаг даргатай “Хог хаягдлын үйлчилгээний гэрээ” байгуулсан байгууллагатай хог хаягдал ачуулах гэрээ байгуулах, битүүмжилсэн хогийн сав, хог хаягдлын цэгтэй байх, холбогдох заавар журмын дагуу хог хаягдлыг ангилан ялгадаг байх;
2.11.Дохиолол, телехяналтын камерын системд холбогдсон байх
2.12.Гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажиллах гэрээ байгуулах буюу энгийн харуул хамгаалалттай байх
2.13.Татвар төлөгчөөр бүртгүүлж, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх;
2.14.Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд “Бохир усан дахь өөх, тос баригч төхөөрөмж, техникийн шаардлага MNS 5975:2009” стандартын шаардлага хангасан өөх тос баригчийг суурилуулсан байх
2.15.Үүдний хэсэгт хальтиргаа гулгаанаас хамгаалсан шалавч, тэргэнцрийн зориулалтын замтай байх;
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт:
4.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2 дугаар зүйлд заасан тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
4.1.1.Тусгай зөвшөөрлийн хүсэлт /хавсралтаар баталсан маягтыг асуултын дагуу үнэн зөв, тодорхой бөглөсөн байх/;
4.1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.1.3.Ажлын байранд гаргуулсан улсын байцаагчийн дүгнэлт, стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасаныг гэрчлэх баримт /стандартын хуудас/ эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын гэрчилгээ /хуулбар/
4.1.4.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэстэй байгуулсан “Үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
4.1.6. Ажлын байрны Галын аюулгүй байдлын дүгнэлт /хуулбар/;
4.1.7.Хороотой байгуулсан “Тохижилт, цэвэрлэгээний гэрээ”, “Хог тээвэрлэх гэрээ” /хуулбар/, орчины 50 метр талбайн зураглал /шаардлага хангасан/;
4.1.8.Гадна, дотоод орчины тохижилтын зураг /шаардлага хангасан/;
4.2.Тусгай зөвшөөрлийн хүсэлтэд дээр дурдсанаас гадна хүсэлтийн төрлөөс хамаарч дараах бичиг баримтуудыг хавсаргана. Үүнд:
4.2.1.Шинээр хүсэлт гаргасан тохиолдолд байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар /хуулбар/;
4.2.2.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар, Нийслэл хотын албан татвар ногдсон, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хавсаргах;
4.2.3.Тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын албан хүсэлт, тусгай зөвшөөрөл эх хувиар;
4.2.4.Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил дутагдлаа арилгасан тухай цагдаа эсхүл мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт
4.2.5.Хаяг шилжүүлэх тохиолдолд шилжин очих байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар /хуулбар/, тусгай зөвшөөрөл эх хувиар;
4.2.6.Захирлын нэр солих тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр холбогдох өөрчлөлт хийлгэсэн тэмдэглэл;
4.2.7.Хаясан, гээсэн тохиолдолд олон нийтийн хэвлэлээр хүчингүй болгож, зарлуулсан баримт
Хэлэлцүүлгийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл уг журамд оруулах өөрсдийн санал, тулгамдаж буй асуудлыг хөндөн ярив. Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид иргэдээс гарсан саналыг нэгтгэн, холбогдох байгууллагад уламжлан ажиллах юм.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ