Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж
аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж
хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа.
Тайлант өдөрлөгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн
Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга
Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон
дүүргийн удирдлагууд оролцлоо.
Налайх дүүрэг нь нийслэлээс 36
км-ийн зайд оршдог, 2016 оны жилийн эцсээр 10,349 өрхийн 36,425 хүн ам
амьдарч байгаа судалгаа гарсан. Тус дүүргээ удирдах эрхийг Ч.Раднаабазар
2016 оны 11 сарын 09-ны өдөр авч, нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийг
нь батламжилсан. Ажлаа хүлээн аваад ирэх 4 жилд дүүргээ хөгжүүлэх
бодлогын баримт бичгээ боловсруулж, дүүргийн ИТХ-аар батлуулсан байна.
Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Налайх дүүргийн амь амьдралын гол
хөшүүрэг болсон бичил уурхайг хөгжүүлэх, тэдгээрийг албажуулах ажлыг
эхлүүлжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийг зохион
байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд ажиллуулах зорилгоор 9 нөхөрлөлтэй
гэрээ байгуулж албажуулаад байгаа юм. Ийнхүү 20 гаруй жил хууль бусаар
ажиллаж байсан бичил уурхайчид энэ жилээс хуулийн дагуу ажиллахаар
болжээ.
Засгийн газрын 11-11 төв, Налайх сонсож байна 70232727 тусгай дугаарын
утсаар нийт 80 иргэн хандсанаас 47 иргэний хүсэлтэд зөвлөгөө мэдээлэл
өгч, 33 иргэний гомдлыг “өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэн
холбогдох байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавин
ажиллаж байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь Санхүү,
төсөв, эдийн засгийн хорооны даргаар ажилладаг С.Амарсайхан төлөөлөгч
Налайх дүүргийнхээ хөгжилд хувь нэмэр оруулахуйц томоохон санхүүжилтийг
шийдүүлж чадсан. Энэ онд Налайх дүүрэгт сүүлийн 20 жилд хийгдээгүй
төсвийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Орон нутгийн хөгжлийн санд гэхэд л
нийслэлээс 316 сая төгрөг төсөвлөж өгсөн ч дүүргийн удирдлагуудын хичээл
зүтгэлээр дээрх төсвийг 700 гаруй сая төгрөг болгон нэмэгдүүлж чаджээ.
Ингэснээр Налайхын ирээдүйн хөгжилд бодит хөрөнгө оруулалтыг хийж,
нийслэлээс алслагдсан дүүргээ бие даасан хот болгон хөгжүүлэх үйлсдээ
алхам алхмаар ойртох нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ онд
тус дүүрэгт улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгөөр хэд хэдэн томоохон бүтээн
байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Тухайлбал:Гачууртын
уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг шинэчлэх
ажил эхлэхийн зэрэгцээ дүүрэг доторх 3 гудамжийг хамарсан 2,5 км авто
замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэнэ. Мөн Налайхын “Барилгын материал
үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн ажлын зураг төсвийг
боловсруулан батлуулах, “Барилгын материалын бөөний худалдааны төв”-ийн
бэлтгэл ажлыг хангах, авто зам дагуух ногоон байгууламж, гэрэлтүүлэг,
худаг усны шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа ийнхүү
эхлүүлээд байна.
Эдгээр ажлыг амжилттай хийж хэрэгжүүлэх “Батламж ”-ийг нийслэлийн ИТХ-ын
төлөөлөгч С.Амарсайхан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт гардуулан
өгсөн юм.
Тайлант өдөрлөгийн үеэр бүтээлч аяны "Туг залах" ёслол
болж, 5 дугаар хороо болон Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс
гараагаа эхлэхээр болов.
Энэ үеэр дүүргийн төрийн байгууллагууд Соёлын ордонд төвлөрч нэг цэгийн үйлчилгээгээр төрийн үйлчилгээг хүргэж байна.