Уулзалтанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Эрүүл мэндийн төвийн дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга, “УБЦТС” ХХК-ий Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга, Тохижилт үйлчилгээний ОНӨААТҮГ-ын дарга, Ахмадын хорооны дарга болон бусад албаны хүмүүс оролцож, дүүргийн ахмадуудын санал бодлыг сонслоо.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан хэлэхдээ нийтийн тээврийн Налайх-Дүнжингарав чиглэлийг, Налайх-Багшийн дээд болгох асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа ба ойролцоогоор цагаан сарын өмнө нааштай хариу өгнө гэдгээ хэлээд цаашид Налайх дүүрэг дотор явах нийтийн тээврийн автобусны чиглэлийг дахин төлөвлөж, шинээр автобусны буудал байгуулах зэрэг ажил хийхээр төлөвлөөд байгаагаа онцлов.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хэлсэн үгэндээ Налайх дүүргийн хороо бүрт “Хөгжлийн зөвлөл” байгуулсан нь иргэд өөрсдөө хяналтын тогтолцоог бий болгож байгаа чухал ач холбогдолтой ажил болсон бөгөөд иргэдийн санаачилсан ажлыг дараа дараачийн ажилд тусган хэрэгжүүлэх боломжтой болсныг онцлоод 2017 оны 01 дүгээр сарын 20-оос 02 дугаар сарын 20-ны хооронд “Хоггүй Налайх” сарын аян зарласанг ахмадууддаа танилцууллаа.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ахмадууддаа эрүүл энхийг ерөөгөөд цаашид ахмадуудтайгаа тогтмол хугацаанд уулзаж, санал бодол, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, хийх ажилдаа тусган хэрэгжүүлэхээ хэллээ.
Соёл урлагийн ордонд ойролцоогоор 100 гаруй ахмадууд ирж, дүүргийн удирдлагуудад тулгамдаж буй асуудлаа хэлж, хариу тайлбарыг авч байлаа.
Үүний дараа Соёл урлагийн ордноос нийт ахмадууддаа зориулан урлагийн тоглолт үзүүлснээр арга хэмжээ өндөрлөв.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ