Төслийг санаачлагч “Мөнхчулуун сан”-гийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Зам тээврийн яамны сайд асан М.Зоригт арга хэмжээг нээж, “Миний аав, ээжийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, аавын минь нэрээр овоглосон сан энэ төслийг хэрэгжүүлж байгаа, наран ургах зүгт байрлах Налайх хотоос эхлэх ёстой гэж үзээд эх орноо нар зөв тойрох гараагаа эхэллээ” гэж хэлэв.
Налайхын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тусгай ор, техник хэрэгтэй байсан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, шатрын их мастер А.Энхтуул нар Налайх дүүргийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байсан “Амьсгалын аппрат”-ыг Оюуны ундраа группээс ивээн тэтгэн дүүргийн нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.
Зам, тээврийн сайд асан, “Мөнхчулуун сан”-гийн тэргүүн М.Зоригт хэлэхдээ:
21-р зууны эхэн үеийн өнөө цагийн монголчуудын өнгө төрхийг түүхэнд авч үлдмээр байна. Хойч үедээ хэрэгтэй юм үлдээх ёстой юм болов уу хэмээн Монгол орныхоо нэг ч сум, суурин газар үлдээлгүй бүтэн тойрохоор зориг шулуудсан. Төслөө “Бидний цөөхөн монголчууд” гэж нэрлэсэн. Нэг суманд нэг хонохоор тооцвол нэг жил явна. 320-иод сумтай, суурийн газраа нэмбэл 400 гаруй болно. Улаанбаатар хотдоо ирлээ гэхэд бид бүх хороогоор явна. Ингэж бодохоор ойролцоогоор 500-600 орчим уулзалт болно. Бүтэн тойроод явахад 2-3 жилд 240 орчим мянган км замыг туулахаар байна лээ. Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгчээр миний аавын нэрэмжит хүний хөгжлийн төлөө эрхэм зорилготой “Мөнхчулуун сан” ажиллана. Энэ аяллын үр дүнд 30 гаруй ном, цомог гарна. Үүнийг “Nepko” компанитай хамтран хэрэгжүүлээр боллоо. Очсон газруудынхаа тухай 10 гаруй баримтат кино хийнэ. 400 орчим телевизийн нэвтрүүлэг шууд дамжуулан явуулах болно. Тухайн ястан, үндэстний болон газар нутгийнх нь онцлогийг илэрхийлж чадсан ганц зүйл бол урлаг байдаг. Мөн нутаг усныхаа талаар ярих таван хүнийг урьдчилан бэлдэж байгаа. Тухайн таван хүнээр түүх, домог яриулж бичиж авах юм.
Гадаадад эх орноо сурталчлах, таниулахыг эрмэлзэж байна. Дэлхийн улс орон биднийг Чингисийн Монгол гэж хардаг. Сайхан сэтгэлтэй, зочломтгой ард түмэн гэдгийг харуулах хүсэл байна. Түүнчлэн бидний бүтээлийг үзсэнээр дотоодын аялал жуулчлал ч хөгжих боломжтой. Тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй байгалийн үзэсгэлэнт газрууд зэрэг олон боломжийг нээж өгнө. Сум болгон хүмүүст үзүүлчих өвөрмөц уламжлалтай, байгалийн тогтоцтой.
Очсон сум суурин газрын тухай бүр баримтат кино, нэвтрүүлэг хийнэ. Бид www.khadlan.mn гэсэн вэб сайт ажиллуулна. Энэ төсөлд “UB info” хамтран ажиллаж байгаа.
Соёл урлагийн ордноос урлагийн тоглолт үзүүлж, төгсгөлд нь “Шүүдэр дундуур” МУСК-г үнэ төлбөргүй үзүүллээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ