Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтсээс архи худалдан борлуулдаг, үйлчилдэг газруудад шуурхай хяналт шалгалт хийлээ
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15:13 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороонд 5 иргэн шингэн зүйлд хордож нас барсан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан НМХГ-ын даргын тушаалаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Цагдаагийн хэлтэстэй хамтран өчигдөр шуурхай хяналт шалгалт хийж ажилласан байна.
Дүүргийн 7 хороонд 4 хэсэг болж 18:30 цагаас эхлэн хяналт шалгалтанд гарч архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газрууд болон шатахуун түгээх цэгүүдэд хяналт хийжээ. Шалгалтаар “Мөнхжин Од” ХХК-ний 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдвэрлэсэн “Найрсаг” нэрийн архи, Жем интернэшнл ХХК-нийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдвэрлэсэн “Шар Чингис” /0,75 гр-ын/ нэрийн архийг үйлдвэрлэсэн хугацааг тулган, тоог авч бүртгэл хөтлөн, үйлдвэрлэсэн хугацаа нь тохирч буй архийг битүүмжлэн, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан.
Шалгалтанд дүүргийн 7 хорооны 85 хүнсний дэлгүүр, 12 баар, ресторан нийт 96 газрыг хамруулж, 387 ширхэг 0,75 гр-ын “Шар Чингис” архи битүүмжилснээс 47 ширхэг нь 2016 оны 10 дугаар сарын 27-нд үйлдвэрлэсэн архи байв. Цагдаагийн хэлтсийн ажилтан 4 ширхэг “Найрсаг” архийг хураажээ.
Өнөөдөр болсон дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн, дүүргийн онцгой комиссын хуралд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах, урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх талаар үүрэг чиглэл өгөгдсөн. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу өнөөдрийн 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ныг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон эсэхэд холбогдох байгууллагууд хяналт тавьж, 3 цаг тутамд мэдээлэл хийж ажиллаж байна.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг 2959 дэлгүүр, 821 баар, 959 ресторан байдаг. Өнөөдрөөс эхлэн НМХГ, УБХЦГ-тай хамтран гурав хоногийн хугацаанд хяналт шалгалт хийж эхлээд байна. Эхний ээлжинд 7378 ширхэг сэжиг бүхий архийг битүүмжиллээ. Үүнээс 80 гаруй архины дээжийг шинжилгээнд өгсөн байгаа. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна” гэлээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээгээр иргэд шингэн зүйлсийн хордлогын улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байгаа. Яг ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд маань гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар биелүүлж болзошгүй эрсдлээс өөрсдийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг уриалж байна” хэмээлээ.