Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дүүргийн удирдлагууд 6 дугаар хороонд ажиллалаа

2017-01-10

Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч Б.Тунгалаг нар дүүргийн алслагдсан хороо болох Тэрэлж чиглэлийн 6-р хороонд ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. 6-р хороо Нийслэлээс 70 км, дүүргийн төвөөс 40 км зайд алслагдсан Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын Өвөр-Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 30.0 мянган хавтгай дөрвөлжин км талбайд байрладаг. Хороо нь 700 орчим өрхийн 1600 гаруй хүн амтай, 4 хэсэгтэй. 

Айл өрхийн 1/3 нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж, Туул голын сав уулын ам бүрээр тархсан, хорооны төвөөс талдаа 5-50 км-ийн тойруугаар алслагдан байрладаг. Дүүргийн удирдлагууд Болор хэсгийн айл өрх, дараагаар нь Мэлхий хад, Нарлаг чиглэлийн иргэдийг цуглуулан, ирэх жилүүдэд хийгдэх ажлын төлөвлөгөө, мэдээллээ хүргэн, иргэдийн санал бодлыг сонслоо. Тус хэсгийн иргэд нь аялал жуулчлалын төв бүсэд оршин суудаг хэдий ч хаанаас олгосон нь мэдэгдэхгүй том том хашаа татсаны улмаас малын бэлчээргүй болж байгаа шалтгааныг хамгийн түрүүнд хэлж байсан юм. Мөн худаггүй учраас ойролцоох амралтын газраас гуйж ундны усаа авдаг, зуны цагт жуулчид их ирдэг учир хог, орчны бохирдол ихэссэн, их эмчгүй учир эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй, дүүрэг хооронд нийтийн тээврээр явахад ахмадууд хөнгөлөлт эдэлж чаддаггүй, гэнэтхэн том том хашаа татаж, амралтын бааз байгуулж эхэлснээс энэ хавийн үндсэн иргэд хавчигдаж эхэлдэг зэргийн олон асуудлаа учирлаж байсан юм. Мөн Тэрэлж баазын шугуйн иргэдтэй уулзлаа. Тус хэсэгт байнга оршин суудаг 40 гаруй өрх байдаг ба өвлийн цагт отор нүүдлээс Төв аймгийн Эрдэнэ зэрэг сумдад өвөлждөг байна. Зуны цагт энэ хавьд түр оршин суугчид ихээр ирдэг ба битүү хог тариад явдгийг иргэд хэлж байв. 40 гаруй жил энэ газартаа амьдарсаар ирсэн иргэд, оршин суугчдын хувьд хамгийн том нэг асуудал тулгардаг байна. 2008 онд Гацуурт ХХК Тэрэлж зочид буудлыг засаж ашиглалтанд оруулах үеэр голын гольдрол өөрчилснөөс үер буусан талаар иргэд хэлж байна. Үүнээс улбаалан энэ хавийн иргэд газраа эзэмших, ашиглах зөвшөөрөл авч чаддаггүй байна. Энэ асуудлыг дүүргийн Засаг даргын зүгээс судалж, холбогдох байгууллагуудтай уулзан, эргэж хариу мэдэгдэхээ амаллаа. Дараагаар нь 18 цагт хорооны байранд очиж, иргэдтэй уулзалт хийв. 

Тус хороо аялал жуулчлалын бүс нутагт байрладаг хэдий ч хөгжил маш сул, хороонд халуун усны байр байдаггүй, сургууль, цэцэрлэгийн байр хуучирсан, 9 сараас хойш хог ачаагүй, ажилгүйдэл их, аялал жуулчлалаар гол, ус орчин маш их бохирддог, их эмчгүй учир эрүүл мэндийн үйлчилгээ муу зэргийн хүндрэл бэрхшээлтэй олон асуудлыг иргэдийн зүгээс хэлж байсан юм. Мөн олон санал санаачилгатай, хийж хэрэгжүүлж болохуйц ажлыг ч хэлж байлаа. Тухайлбал постон дээр автомашинаас мөнгө хураадаг хэдий ч хог цэвэрлэгээг хийдэггүй. Тиймээс энэ мөнгөөр нь хог цэвэрлүүлдэг болох, Горхи, Тэрэлжийн бүсэд нэвтэрч байгаа машинуудад хогийн уут тарааж өгөөд буцаж ирэхэд нь шалгаж авдаг болох, сард нэг удаа дүүргээс эмч нарыг эмийн сантай ч авч ирэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байх, энэ газар нутаг Налайх дүүргийн нутаг хэдий ч дүүрэг эрх мэдэлгүй, шийдвэргүй байдаг учир газар олголт, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хандах оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон саналыг иргэдийн зүгээс ярьж байсан юм. Цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хороо бүрт “Хөгжлийн зөвлөл” байгуулагдан ажиллах бөгөөд иргэдийг төрдөө хяналттай, хамтарч ажиллахыг Засаг даргын зүгээс хүсээд ярьж хэлсэн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэв. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзалтын дараагаар тус хорооны сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжтай танилцлаа.

Сургуульд 80 гаруй хүүхэд, цэцэрлэгт 60 орчим хүүхэд сурч, хүмүүжиж байгаа ба хуучны барилга байгууламж учраас маш их мууджээ. Иймээс сургуулийн удирдлагуудын зүгээс сургуулийн шинэ байрыг барих талаар анхаарч ажиллахыг хүслээ. Дүүргийн удирдлагууд хороодод ажиллах, иргэдтэй хийх уулзалтаа ийнхүү алслагдсан, хүн ам нь тархан байршдаг 6 дугаар хорооноос эхэлж, иргэдтэйгээ 4 хэсэг болж уулзан, нэг бүрчлэн санал бодлыг нь сонсож ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%