Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэг дэх уурхайн нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсэгт цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлаас гадна Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Уул уурхай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлийн бүх байгууллагын төлөөлөл багтсан байна.
Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна. Түүнчлэн Налайхын уурхайд зөвшөөрөлгүй 98 ам, цооногт 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 30 хувь нь л Налайх дүүргийн бүртгэлтэй оршин суугч бусад нь ямар ч бүртгэл, мэдээлэлгүй, хаанаас ирсэн нь тодорхойгүй иргэд байдаг гэнэ.
Налайх дүүргийн II хорооны оршин суугч Д.Сарантуяа “Манайх энд амьдраад 5 гаруй жил болж байна. Шөнө бүр тэсэлгээ хийж байгаа нь сонсогддог. Тэсэлгээ хийж, ухах бүрт оршин суугчдын амьдардаг газарт цууралт үүсдэг. Доогуураа хөндий хөрсөн дээрээ цууралт өгсөн, энэ газар хэзээ мөдгүй цөмрөхөд бэлэн болсон гэсэн үг. Бидний амьдрах орчин нөхцөл маш хүнд боллоо. Яаралтай энэ амуудыг хаахгүй бол олон айл орон гэргүй болоход бэлэн болчихоод байна. Хамгийн гол нь энэ аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээс гадна цахилгаанаа хулгайгаар авдаг. Энэ талаар шат шатны байгууллагад хандсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч өөрийн биеэр ирж, бидний байдалтай танилцаж байгаад баяртай байна” гэлээ.
Уурхайн амуудыг цэгцлэх хэрэгтэй гэв
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа “Уурхайн ажил бол маш аюултай, хүнд ажил. Гэтэл уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ам ганц ч алга. Өнөөдрийн байдлаар 100 орчим аманд иргэд үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл бий. Энд ажиллаж байгаа иргэдийн хувьд ямар ч бүртгэлгүй байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар уурхайчдын аюулгүй байдлыг хангах ямар ч боломж алга гэсэн үг. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийгээд лацдаад явахад маргааш нь онгойлгох жишээтэй. Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, танилцуулна. Ерөнхийдөө Бичил уурхай буюу Нөхөрлөл бий болгох хэрэгтэй юм байна. Ингэснээр бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлж, улмаар төрийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах эрх зүйн нөхцөл бүрдэнэ” гэж албаныхан онцоллоо.