2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 119-р дунд сургуульд Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын хүүхдийн сангаас хэрэгжүүлсэн “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо.
“Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөр нь миний ирээдүй, миний санхүү, миний харилцаа, миний эрүүл мэнд, бидний бахархал гэсэн 5 бүлгээс бүрдсэн, гол зорилго нь 15-18 насны хүүхдийн сурч хөгжих хэрэгцээг тодорхойлж, амьдрах ур чадварыг эзэмшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, бие даан сурч боловсрох чадварыг төлөвшүүлэхэд оршино.
Хаалтын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Б.Наранбаяр, 119-р сургуулийн захирал Ж.Батцэцэг, сургуулийн сурагчид оролцлоо.
119-р сургуулийн нийгмийн ажилтан Эрболд, Хөтөлбөрийн шилдэг анги 119-р сургуулийн 12-3 ангийн багш Г.Нэргүй нар хөгжлийн хөтөлбөрийн талаар сэтгэгдлээ хуваалцав. Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, анги хамт олон, нийгмийн ажилтныг шалгаруулан, өргөмжлөл дурсгалын зүйл хүртээв. Хөтөлбөрийн шилдэг сургуулиар 119-р сургууль, дэд байранд “Чандмань” цогцолбор сургууль, шилдэг хороогоор Налайх дүүргийн 7-р хороо, шилдэг ангиар 119-р сургуулийн Г.Нэргүй багштай 12-3 анги, “Эрдмийн-Оргил” цогцолбор сургуулийн Л.Мөнгөнтулга багштай 11-3 анги, “Голомт цогцолбор” сургуулийн Ш.Нарангэрэл багштай 11-4 анги, “Чандмань цогцолбор” сургуулийн 10а ангид өргөмжлөл хүртээж, 119-р сургуулийн нийгмийн ажилтан Эрболд, Чандмань цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Гэрэлмаа, 7-р хорооны нийгмийн ажилтан Арнагүл нарт “365 өдөр аз жаргал тэр чигтээ”, “Амжилтын хөтөч” номыг бэлэг болгон өглөө. Арга хэмжээний үеэр шилдэг ангиуд бүтээсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэв.