Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хороодын Засаг дарга нарыг томилж, батламжийг нь гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг Даргын Тамгын Газрын дарга Ж.Алтангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
1-р хорооны Засаг даргаар Пүрэвийн Сашка ,
2-р хорооны Засаг даргаар Дамдинсүрэнгийн Чинбат,
3-р хорооны Засаг даргаар Чимэд-Очирын Оргилмаа ,
4-р хорооны Засаг даргаар Даваагийн Дуламсүрэн ,
5-р хорооны Засаг даргаар Дамдинсүрэнгийн Мөнхбаяр,
6-р хорооны Засаг даргаар Цэрэнгийн Болд ,
7-р хорооны Засаг даргаар Цэрэнсамбуугийн Ганчимэг нарыг батламжлав.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй шинээр сонгогдсон хороодын засаг дарга нарт иргэдээс хүлээлгэсэн итгэлийг дааж, анхан шатны нэгжид, төрийн төлөөлөл болж ажиллах хороодын Засаг дарга нарын эрх өнөөдрөөс албан ёсоор баталгаажиж байгаад баяр хүргэв.
Хорооны иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг дээд шатны байгууллагад уламжлан, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдлэг чадвараа дайчлан ажиллах, дүүргээс гаргасан бодлого, зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж байхыг хүслээ.
Энэ жилээс эхлээд дүүргийн хөгжил цэцэгжилтийн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл барин, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, ОНХСХ-өөр хийгдэх 340 гаруй сая төгрөгийн ажилд орон нутгийн иргэдийг түлхүү оролцуулахаар төлөвлөж, сүүлийн үед алдагдсан хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гарган ажиллаж байна. Түүнчлэн хорооны нутаг дэвсгэр дэх аялал жуулчлалын газар хог тарьдаг, газар шороог зөвшөөрөлгүй ухаж, сэндийлдэг зэрэг хууль бус ажиллагаанд хяналт тавин, зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг онцлон хэллээ.