Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах, мөн 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм. Мөн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх зохицуулалтын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг Хууль зүйн байнгын хорооноос боловсруулжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Ш.Раднаасэд, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар Байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2-87.5 хувийн саналаар дэмжигдэж хуулийн төслүүд батлагдлаа.