Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
2016 оны 12 сарын 20-ны өдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнийг Боловсролын хэлтэс хариуцан зохион байгуулсан бөгөөд нийт 42 байгууллагын
дарга, менежерүүд оролцлоо.
Шуурхай зөвлөгөөнөөр 12 сарын 06-нд Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг
ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа
танилцуулсан.
Өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд 2 удаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж,
цэвэрлэгээний ажилд 78 аж ахуй нэгж байгууллагын 826 иргэн ажилтан, албан хаагчид
хамрагдсан. Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас зам талбайн үйлчлэгч 16 хүн
үндсэн зам талбай болон хуваарьт зам талбайг цэвэрлэсэн ба нийт 6 машин, 24 рейс,
228 м3 хог ачиж тээвэрлэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/799 болон дүүргийн Засаг даргын 2016 оны А/315 дугаар
захирамжуудын дагуу Мал, тэжээвэр амьтдын 2016 оны тооллогыг дүүргийн нутаг
дэвсгэрт 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс эхлэн явуулж дуусгасан.
Цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээлэлдээ сүүлийн үед баяр ёслол дөхөөд саатуулах
байранд саатуулагдаж байгаа иргэдийн тоо өсөх, ахуйн хүрээнд согтуугаар үйлдэгдэх гэмт
хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг онцолсон юм. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс
шинэ жилийн баяр дөхсөн энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Сүүлийн үед ханиад томуу, хатгаа ихсэж байгаа учир Эрүүл мэндийн төвд хүүхдийн тасагтаа
боломжит хэлбэрээр ор нэмэгдүүлж ажиллаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дур мэдэн
эмчилснээс болж хүндэрсэн хүүхдүүд их ирж байгааг Эрүүл мэндийн төвийн дарга Б.Эрдэнэбат
онцоллоо.
Нэмэлтээр дүүргийн ОБХ, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хорооноос
“Дулаан гар” аяны талаар, ЗДТГ-ын СТСХ-ээс 2017 оны төсвийн талаар, Боловсролын хэлтсээс
үйл ажиллагааны талаар товч танилцуулгыг тус тус хүргэлээ.
Засаг дарга эцэст нь хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.
Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр 5 үүрэг даалгавар өглөө.
Үүрэг даалгавар 1:
Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг,
нийгмийн 2017 оны үндсэн чиглэл батлагдсан. Хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан заалт
нэг бүрийг хэрэгжүүлэхэд оны эхнээс анхаарч ажиллах /Бүх байгууллагууд/
Үүрэг даалгавар 2:
Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай
холбогдуулан урьдчилан сэргийлэх, онцгой анхаарч ажиллах. /Дүүргийн Эрүүл
мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүд/
Үүрэг даалгавар 3:
Цагдаагийн хэлтсээс өгсөн мэдээлэлтэй холбогдуулан шинэ жилийн үйл ажиллагаа зохион
байгуулах үеэр хэрэг зөрчил, осол гэмтэл гаргахгүй байх талаар анхаарч, урьдчилан
сэргийлэх /Бүх байгууллагууд/
Үүрэг даалгавар 4:
ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдэд амьсгалын замын өвчнөөс сэргийлэх зорилгоор
амны хаалт хэрэглэх ажлыг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулах
/Боловсролын хэлтэс, бүх сургуулиуд/
Үүрэг даалгавар 5:
2017 оны эхний дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг
Цагдаагийн хэлтэс хариуцан зохион байгуулах /Цагдаагийн хэлтэс/
Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг дараагийн удаа
Цагдаагийн хэлтэс хариуцан зохион байгуулахаар тогтов.