Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ ИРГЭДИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2016-12-13

ТӨСӨЛ

 

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

Налайх дүүрэг нь иргэнээ дээдэлсэн, ажилтай, орлоготой, авилгаас ангид, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, аялал жуулчлалын төв дүүрэг болно.

 

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ НАЛАЙХ

 

Бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дотоод, гадаад харилцаа, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг хангана.

 

1.1 Үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр:

 

1.1.1 Налайх хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

 

1.1.1.1 Ноос, ноолуур, арьс, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин ажиллана.

 

1.1.1.2 Барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах, жинг бууруулахад чиглэсэн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, барилгын материалын үйлдвэрүүдийг олноор байгуулна.

 

1.1.1.3 Налайхын нүүрсний орд газарт орчин үеийн өндөр техник, технологийн хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлнэ.

 

1.1.1.4 Түгээл тархацтай уул уурхайн ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.

 

1.2 Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр:

 

1.2.1 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

 

1.2.2 Дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжин, борлуулалтын нэгдсэн төвийг барьж, “Хамтдаа хөгжинө” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

1.2.3 Баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, хороодод байгуулагдсан хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ.

 

1.2.4 “Налайхад үйлдвэрлэв” хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.

 

1.2.5 Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын жишиг загвар бүхий үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

 

1.2.6 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин, гадаад болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор улс, нийслэлийн үзэсгэлэн худалдаанд оролцуулна.

 

1.2.7 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах мэдээллийн болон бизнес инкубатор төвийг салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулна.

 

1.2.8 Налайхын бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийг хорших, нөхөрлөл үүсгэх замаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг хангахад төрөөс дэмжлэг үзүүлж, орон нутгийн мэргэшсэн уурхайчдын мэдлэг чадвар, туршлагад тулгуурлан ажиллуулах бодлогыг дэмжин ажиллана.

 

1.3 Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр:

 

1.3.1 Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

1.3.2 Эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн мал үржүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн фермерүүдийг байгуулах иргэдийн санаачлага, түүнчлэн гахай, шувуу, зөгий үржүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг байгуулахад дэмжиж ажиллана.

 

1.3.3 Малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулахад анхаарч, малын түүхий эд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж ажиллана.

 

1.3.4 Малын захыг мах боловсруулах үйлдвэрийн хамт байгуулж, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн нийлүүлнэ.

 

1.3.5 Хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулж, өрхийн тариаланг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлнэ.

 

1.3.6 Төмс, хүнсний ногоо тариалах, жимс жимсгэнэ ургуулах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгоно.

 

1.3.7 Өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлнэ.

 

1.4 Аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх чиглэлээр:

 

1.4.1 Аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгоно.

 

1.4.2 “Бүс нуур” цогцолбор, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнг бүрэн тохижуулан ашиглалтанд оруулна.

 

1.4.3 Горхи-Тэрэлж, Майхан уул, Тайж хайрхан, Туул гол, Сайн номуун хийд, Аръяабалын сүм, Цонжинболдог зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, үндэсний зан заншил, уламжлалт түүх соёлыг гадаад дотоодын жуулчдад хүргэдэг амралт, аялал жуулчлалын баазууд, үндэсний шашин урлаг, зан үйлийг түшиглэсэн үйлчилгээг дэмжин дүүргийн төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.

 

1.4.4 Налайхын уурхайтай холбоотой түүхийн дурсгалт хөшөө, баримал, барилгыг хамгаалалтанд авч, сэргээн засварлах, соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газар бий болгоно.

 

1.5 Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр:

 

1.5.1 Дүүрэгт тулгамдаж буй асуудал /агаар, ус, хөрсний бохирдол, нийтийн тээвэр/-ыг шийдвэрлэхэд гадаад улс, хотуудын туршлагаас судалж, нэвтрүүлнэ.

 

1.5.2 Дүүргийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан зохион байгуулахад анхаарч томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ.

 

1.6 Дүүргийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр:

 

1.6.1 Дүүргийн өмчид байгаа хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

 

1.6.2 Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг үр дүнтэй, иргэдэд нээлттэй, ил тод болгоно.

 

1.6.3 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулалтыг ил тод болгож, иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ.

 

1.6.4 Дүүрэгт төвлөрдөг татварын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

 

1.6.5 Татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлж, татвар төлөгч бүрт хүрсэн татварын цогц үйлчилгээг бүрдүүлнэ.

 

ХОЁР. ИРЭЭДҮЙН ЖИШИГ ХОТ НАЛАЙХ

 

          Дүүргийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлнэ. Дүүргийн инженерийн байгууламжийн бие даасан эх үүсвэрүүдийг бий болгож, газар зохион байгуулалтыг шинэчлэнэ.

 

2.1 Эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр:

 

2.1.1 Хотын дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг баримтлаж ажиллана.

 

2.1.2 Хотын дэд бүтцийг хамгаалах зурвасыг шинэчлэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж ажиллана.

 

2.1.3 Дүүргийн хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхэд анхаарч ажиллана.

 

2.2 Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцааг хөгжүүлэх чиглэлээр:

 

2.2.1 Инженерийн шугам сүлжээ, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулна.

 

2.2.2 1, 3, 4, 6, 7 дугаар хороодын 2030 он хүртэлх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.

 

2.2.3 Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтыг сайжруулна.

 

2.2.4 Дүүргийг нутаг дэвсгэрийн бүсчлэлийн чиглэлээр хөгжүүлнэ. /эрчимжсэн мал аж ахуй, сүүний фермер, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үйлдвэрлэл, аялал жуулчлал/

 

2.3 Тохилог, орлогод нийцсэн орон сууцыг бий болгох чиглэлээр:

 

2.3.1 “Ирээдүйн хот Шинэ хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

 

2.3.2 Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ.

 

2.3.3 Газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, тохилог орон сууц барих ажлыг эхлүүлнэ.

 

2.3.4 Угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ.

 

2.3.5 Сууц өмчлөгчдийн холбоотой холбогдох асуудлыг судалж, түүний үйл ажиллагааг тодорхой болгон, норматив стандартыг бий болгоно.

 

2.4 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр:

 

Эрчим хүчний хангамжийг сайжруулна:

 

2.4.1 Цахилгааны дэд өртөөнүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дүүргийн дулаан, цахилгаан хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг сайжруулна.

 

2.4.2 Дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр дулааны цахилгаан станцыг барих ажлыг судалж, төсөл боловсруулан, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

 

2.4.3 Дулааны гол шугамууд, насос станцууд болон эрчим хүчний доголдолтой орон сууцны хорооллуудын гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэнэ.

 

2.4.4 Халаалтын зуухнуудын үр ашгийг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.

 

2.4.5 Гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр үе шаттай хангана.

 

2.4.6 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулж, нэгдсэн удирдлагын системд бүрэн холбоно.

 

Мэдээлэл, технологийг хөгжүүлнэ:

 

2.4.7 Утасгүй интернетийн хүртээмжийг нэмэгдүүлж, захын болон алслагдсан гэр хороолол, амралт зугаалгын бүсэд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

 

Ус хангамж, ариутгах татуургыг сайжруулна:

 

2.4.8 Хот суурин газрын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

2.4.9 Дүүргийн ус хангамжийн нөөцийг нэмэгдүүлэх, цэвэр усны бие даасан эх үүсвэртэй болоход чиглэсэн ажлыг эхлүүлнэ.

 

2.4.10 Шинэ суурьшлын бүс, дахин төлөвлөлтийн байршилд инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлнэ.

 

2.4.11 Дүүргийн цэвэр усны өрийн хуримтлал үүсгэхгүйгээр асуудлыг судалж шийдвэрлэнэ.

 

2.4.12 Ус түгээх байруудыг цэвэр усны төв шугамд холбож “Ухаалаг ус түгээх байр”-ны тоог нэмэгдүүлэн, цэвэр ус түгээлт, хүртээмжийг сайжруулна.

 

2.4.13 Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 5-6 дахин нэмэгдүүлж өргөтгөх, технологийн шинэчлэлт хийхэд чиглэсэн ажлыг судалж, эхлүүлнэ.

 

2.4.14 Орон сууцны байруудын ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усыг тусад нь төлөвлөж, бохир саарал усны стандартад нийцүүлэн, дахин боловсруулж, зохих зориулалтаар ашиглана.

 

2.4.15 Цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн ус болон хөрсний усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

 

Инженерийн бэлтгэл арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлнэ.

 

2.4.16 Эрсдлийн удирдлага болон гамшгийн менежментийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

 

2.4.17 Орон сууцны байруудын зоорийн давхрын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

2.4.18 Дүүргийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний нэгдсэн зураглал хийлгэж, гадна шугам сүлжээг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

2.5 Автозамын байгууламжинд өргөтгөл шинэчлэлт хийнэ:

 

2.5.1 Автозамын сүлжээний хэвтээ болон босоо тэнхлэгийн зэрэгцээ замуудыг нэмэгдүүлж, гол болон туслах гудамж замууд, тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барина.

 

2.5.2 Автозамын сүлжээний техник ашиглалтын түвшинг сайжруулж, гол болон туслах гудамж замуудыг өргөтгөн шинэчлэнэ.

 

2.5.3 Орон сууцны кварталуудын дунд авто зогсоол байгуулах ажлуудыг хэрэгжүүлнэ.

 

2.5.4 Улаанбаатар-Налайх чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэнэ.

 

2.5.5 Явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх үүднээс “Гудамж”, “Дугуйн зам” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

 

2.5.6 Дүүргийн хүн амын оршин суугаа бүсчлэлийн дагуу иргэдийн эрэлтэд нийцсэн нийтийн тээврийн шинэ чиглэл бий болгоно.

 

ГУРАВ. ЭРҮҮЛ ОРЧИНТОЙ НАЛАЙХ

 

3.1 Хүрээлэн буй орчныг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр:

 

3.1.1 Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи нэвтрүүлж, нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах, хаягдлыг дахин боловсруулан ашиглах ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

 

3.1.2 Уурхай, тоосгоны үйлдвэрүүдийн олборлолтоос үүссэн хөрсний эвдрэл, нүх цооног, овоолгын шороонд нөхөн сэргээлтийн ажлыг нүүрс олборлогч, тоосгоны үйлдвэрүүд өөрсдөө хийж орон нутагт хүлээлгэж өгдөг журамд шилжинэ.

 

3.1.3 Байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтанд тавих хяналтыг сайжруулна.

 

3.1 Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр:

 

3.1.1 Агаарын бохирдол үүсгэгчдийг хүний эрүүл мэндэд хортой байдлаар нь эрэмбэлэн тогтоож, эрүүл мэндэд хамгийн их хор хүргэж буй эх үүсвэрт анхаарал хандуулж “Эко Налайх” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

3.1.2 Хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлж, “Хоггүй Налайх”-ыг хөгжүүлнэ.

 

3.1.3 Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжуудыг стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулна.

 

3.1.4 Суурьшлын бүсийн хөрсний доройтол, бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлж, суурь судалгааг оновчтой хийж, олон нийтэд хөрсний бохирдлын талаар ойлголт мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна.

 

3.2 Хот тохижилт, ногоон байгууламж

 

3.2.1 Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлж, хатуу хучилттай болгоно.

 

3.2.2 Дүүрэг, хороонд нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ.

 

3.2.3 Гэр хороолол, орон сууцны кварталуудын дунд хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн төвийг барьж байгуулна.

 

3.2.4 Мод тарьсан, ногоон байгууламж бий болгосон иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах тогтолцоог дэмжин ажиллана.

 

3.2.5 Орчны бохирдол, гуу жалга, далан сувгийн цэвэрлэгээг иргэдийн оролцоотой сайжруулж, хог хаягдлыг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

3.2.6 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулна. Хог тээвэрлэлтийг шуурхай болгох, хогны менежментийг хэрэгжүүлнэ.

 

ДӨРӨВ. НИЙГМИЙН ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ НАЛАЙХ

 

           Дүүргийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгааллын үйлчилгээг тэгш шударга, хүртээмжтэй хүргэж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажил орлоготой, амар тайван ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллана.

 

4.1 БОЛОВСРОЛ

 

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

 

4.1.1 Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлнэ.

 

4.1.2 Хороо бүрийг хүүхдийн цэцэрлэгтэй болгож, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэнэ.

 

4.1.3 “Чандмань цогцолбор” сургуулийг спорт заалтай болгоно.

 

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр:

 

4.1.4 “Эко сургууль”, “Ногоон цэцэрлэг” аян хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг бүрд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бий болгон, сургалтын орчны шинэчлэл хийнэ.

 

4.1.5 Сургуулийн сурагчдын автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, алслагдсан хэсгийн сурагчдыг бүрэн хамруулна.

 

4.1.6 “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл, баталгаат хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлнэ. Үдийн цай хөтөлбөрт “Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн сурагчдыг хамруулах ажлыг судалж ажиллана. 

 

4.1.7 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

4.1.8 Ерөнхий  боловсролын сургуулийн сурагчдад ажил, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх “Ирээдүйн мэргэжилтэн” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

Багшийн мэргэжлийг дээшлүүлж, сургалтын орчинг сайжруулах чиглэлээр:

 

4.1.9 Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэхэд “Боловсрол-2024” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, сургалтын чанарыг нийслэлийн дунджид хүргэнэ.

 

4.1.10 Багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, ажиллах орчныг сайжруулах бодлого боловсруулж ажиллана .

 

4.1.11 Боловсролын сургалтын зээлийн санд оюутан, залуусыг хамруулна.

 

4.1 ЭРҮҮЛ МЭНД

 

Иргэн бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэнэ.

 

4.1.1 Эх хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ургийн эрт үеийн оношлогоо, нярайн сувилал, бага насны хүүхдийн эмчилгээ үйлчилгээг сайжруулан, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна. 50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг барина.

 

4.1.2 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна.

 

4.1.3 Эмнэлгийн стандартыг хангасан, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 180 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлнэ.

 

4.1.4 Дүүргийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлж, автомашины парк шинэчлэлт хийж, дуудлагын очилтыг 20 минут болгоно.

 

4.1.5 Дүүргийн Эрүүл мэндийн төвийг эмчилгээ, оношлогоо, лабораторын тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, цахим үйлчилгээг боловсронгуй болгоно.

 

4.1.6 Дүүргийн иргэдийн чихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар зэрэг зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй хамруулах, өвчнийг хянах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

4.1.7 Сүрьеэгийн эрт илрүүлгийг сайжруулж, эдгэрэлтийн түвшинг дүүргийн хэмжээнд 80 хувьтай байгааг 90 хувьд хүргэнэ.

 

4.1.8 ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хавьтлын эрт илрүүлгийн үе 55 хувьтай байгааг 70 хувьд хүргэнэ.

 

4.1.9 Эмнэлэгийн тусламж  үйлчилгээг   шуурхай, чирэгдэлгүй хүргэж, эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд авлигаас ангид, ёс зүйг эрхэмлэн дээдлэж ажиллана.

 

4.2 СОЁЛ, УРЛАГ

 

4.2.1 Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх “Соёлч хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

 

4.2.2 Соёл, урлагийн үйлчилгээний чанар, арга хэмжээний тоог олшруулан орон нутгийн музейн үзмэрийн санг баяжуулан, соёлын аялал жуулчлалын эргэлтэнд оруулна.

 

4.2.3 Соёл, урлагийн ордны номын санг цахимжуулж, номын фондыг нэмэгдүүлснээр уншигчдын хүрээг тэлнэ. Номын ордон шинээр байгуулна.

4.2.4 Соёлын биет болон биет бус өв тээгчдийг бүртгэлжүүлэн дэмжиж, үндэсний язгуур урлагийг хөгжүүлэн дээдэлж, сайн дурын уран сайханчдын тоог нэмэгдүүлж ажиллана.

 

4.2.5 Түүх соёлын хөшөө, дурсгалт зүйлсийг бүртгэлжүүлэн  хадгалалт, хамгаалалтыг сайжруулна.

 

4.3 НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ

 

Иргэдийн нийтийн биеийн тамираар хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлж, эрүүл мэндийг хамгаална.

 

4.4.1 Стандартын шаардлага хангасан спортын цогцолборыг бий болгоно. Биеийн тамир спортын материаллаг орчин  нөхцлийг бүрдүүлж  2020 онд Азийн хүүхдийн хөнгөн атлетикийн спортын наадмыг зохион байгуулна.

 

4.3.1 Өсвөр үе, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх үйл ажиллагааг багийн спортоор дамжуулан хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.

 

4.3.2 Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх  хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олонд эрүүл аж төрөх дадал, зан үйлийг төлөвшүүлж, иргэдийг дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

 

4.4 ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ

 

4.4.1 Биеийн тамирын талбайнуудыг стандартын дагуу тохижуулан хүүхдийн эрүүл аюулгүйн хөгжлийн орчныг бүрдүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн 30-аас доошгүй хувийг жил бүр хүүхдийн төлөө зарцуулна.

 

4.4.2 НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхдэд ээлтэй Налайх дүүрэг 2016-2018” хөтөлбөр, нийслэлийн “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар 2016-2020” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

 

4.4.3 Хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээлэл хяналтын тогтолцоог бэхжүүлж, хариу үйлчилгээний чанарыг сайжруулан хараа хяналтгүй, хөдөлмөр эрхэлдэг, хүчирхийлэлд өртсөн, эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоог бууруулж, хүүхдийн хууль зүйн хорооны чадавхийг бэхжүүлнэ.

 

4.4.4 Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс татгалзах хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх, сурталчилгаа нөлөөллийн ажлуудыг дэс дараатай зохион байгуулж, хороодын хамтарсан багийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлж ажиллана.

 

4.4.5 Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад хүлээн авч, тоног төхөөрөмжөөр ханган, Монголын Хүүхдийн ордны салбар дугуйлангуудыг дүүрэгт ажиллуулан хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг  20 хувиар нэмэгдүүлнэ.

 

4.4.6 Хүүхдийг осол гэмтэл, мансуурал, донтолт, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулж, чадавхийг бэхжүүлж, эрсдэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нөхөн сэргээх болон хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

 

4.4.7 Гэр бүлд зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ, гэр бүлийн боловсрол олгох, зан үйл засах, эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга эзэмшүүлэх сургалтууд зохион байгуулна.

 

4.5 ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ

 

4.5.1 Залуучуудын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, залуучуудыг дэмжсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

 

4.5.2 Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцлийг сайжруулж ажиллана.

 

4.5.3 Дүүргийн хөгжил, тохижилтыг сайжруулах бүтээн байгуулалтын ажилд залуучуудын санаачлага оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллана.

 

4.6 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

4.6.1 Дүүргийн ажил хайгч иргэдийг байнгын болон түр ажлын байранд зуучилж, нийтийг хамарсан ажил зохион байгуулж, хүн амын ажилгүйдлын түвшин өндөр хувьтай байгааг бууруулж, нийслэлийн дунджид хүргэнэ.

 

4.6.2 Дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн уул уурхай, эрчим хүч, хүнд машин механизмийн операторч зэрэг мэргэжлээр 1000 ажиллах хүчин бэлтгэж, ажлын байраар хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллана.

 

4.6.3 Баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа ажиллагсдын бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжин ажиллана.

 

4.6.4 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залуучууд-Ажлын байр” төслийг хэрэгжүүлэн түр болон байнгын ажлын байраар хангана.

 

4.6.5 Нүүрсний уурхай болон тоосгоны үйлдвэрүүдэд ажлын орчноо сайжруулах, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг үйлдвэрээс төлдөг болох, ажилчдын 80-аас доошгүй хувийг орон нутгаас авч ажиллуулдаг болох бодлогыг барьж ажиллана.

 

4.7 НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХАЛАМЖ

 

4.7.1 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр”-ийг дүүрэгт хэрэгжүүлнэ.

 

4.7.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлэхэд барилга байгууламж, зам талбайн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандартыг хангуулна.

 

4.7.3 Дүүргийн Ахмадын хорооны үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүй, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана.

 

4.7.4 Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банкны үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно.

 

4.7.5 Дүүргийн Ахмадын сувиллын үйл ажиллагааг жигдрүүлж, 60 ортой сувиллын барилгын ажлыг эрчимжүүлнэ.

 

4.7.6 Ажил эрхэлдэггүй, нийгмийн халамжид хамрагддаггүй, нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж болзошгүй иргэдэд чиглэсэн “Сүүдрээс гэрэл” уриатай нийслэлийн бодлогыг дүүргийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ.

 

4.7.7 Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нэгдсэн лавлагаа мэдээллийг дүүргээс олгодог болж, үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлнэ.

 

4.7.8 Нүүрсний их уурхай, уурхайн барилгын трест, шилний үйлдвэр, шохойн заводод ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн олговор олгуулах асуудлыг судалж, шийдвэрлэнэ.

 

ТАВ. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ, ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ НАЛАЙХ

 

           Нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ, дэвшилтэт технологийн ухаалаг шийдлийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ахиулан, мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан хариуцлагыг дээшлүүлснээр хүртээмжтэй, цогц  үйлчилгээг тэгш, нээлттэй, шуурхай хүргэнэ.

 

5.1 Оновчтой бүтэц, зохион байгуулалт, хариуцлагатай албан хаагч, хүртээмжтэй үйлчилгээ

 

5.1.1 Орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг үнэлэх “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт”-ийг тогтоож, Төрийн албаны Зөвлөлөөс батлан мөрдүүлсэн “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам” болон бусад холбогдох дүрэм, журамтай уялдуулна.

 

5.1.2 Төрийн албаны нөөцийн бүртгэл, мэдээллийн дүүргийн нэгдсэн сан бий болгон удирдлагын хяналтын тогтолцоог сайжруулан захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг судалгаанд үндэслэн арилгах бодлого чиглэл баримтална.

 

5.1.3 Засаг захиргааны анхан шатны нэгж-хороонд санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ. Дүүргийн Засаг даргаас хорооны Засаг даргад шилжүүлж болох бүрэн эрх, зарим төрийн үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх асуудлыг судална.

 

5.1.4 Нутгийн өөрөө удирдах байгууллага-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцан уялдаатай ажиллаж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

5.1.5 “Авилгын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхүйл ажиллагааны төлөвлөгөө гарган авилга- хүнд сурталгүй, ёс зүйн хариуцлагатай дүүрэг болно.

 

5.1.6 “Төрийн албан хаагчийн сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлнэ.

5.2 Иргэндээ чиглэсэн ухаалаг төрийн үйлчилгээ

 

5.2.1 Төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх “Нэг цонхны үйлчилгээ”-ний чиглэл, зохион байгуулалтыг ажлын туршлага, иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэнэ.

 

5.2.2 Дүүрэг, хороодод хөгжлийн зөвлөл байгуулж, иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, дүүрэгт тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг тусгаж хэвшүүлнэ.

 

5.2.3 Салбар бүрийн цахим мэдээллийн сан(цахим архив)-г үүсгэн, Archive edoc нэгдсэн системд Төрийн үйлчилгээний бүх байгууллагууд, хороодыг хамруулах асуудлыг  үе шаттайгаар шийдвэрлэнэ.

 

5.2.4 Нутгийн захиргааны байгууллагад үйлчилгээний соёл, дэг журам, төрийн алба, албан хаагчийн стандартыг шинээр баталж, мөрдүүлнэ.

 

5.3 Нээлттэй засаглал, ил тод байдал, эрх зүйн зохицуулалт

 

5.3.1 Монгол Улсын Засгийн газраас батлан гаргах “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

 

5.3.2 Налайх дүүрэг дэх Налайх хот-ын статусыг Монгол Улсын Үндсэн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, хөгжлийн чиг хандлагатай нь уялдуулан нийцүүлнэ.

 

5.3.3 Аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд учруулж байгаа дарамт шахалтыг бүр мөсөн арилгаж, давхардсан хяналт шалгалтыг цөөрүүлж, төрийн хяналт шалгалтын байгуулагуудын уялдааг хангаж, нэгдсэн хуваарь, төлөвлөгөө-графикт оруулна.

 

5.3.4 Иргэдийн эрх ашигтай холбоотой шийдвэр гаргахдаа нийтийн сонсгол, нөлөөллийн шинжилгээний үнэлгээ хийлгэж зөвлөлдөх ардчиллын зарчмаар шийдвэрлэнэ.

 

5.3.5 Нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтын үр дүнг тооцох, хяналт тавих тогтолцоог бий болгож, нээлттэй засаглалын бодлогыг хэрэгжүүлнэ.

 

5.3.6 Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Налайхын ирээдүйн хөгжлийн бодлогод тулгуурлан шинэчлэн боловсруулж, иргэдийн саналыг тусган, Налайхын иргэдэд эхний ээлжинд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх бодлого чиглэл баримтална.

 

5.3.7 Нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулан ажлын байрны эмх цэгц, үүрэг хариуцлагыг эрс сайжруулна.

 

5.3.8 Дүүргийн Засаг даргын шийдвэрийг иргэдэд нээлттэй мэдээлж, нутгийн захиргааны байгууллагуудад алдаа, гажуудал гаргахгүй байх, гарсан тохиолдолд хууль тогтоомжид нийцүүлэн нэн даруй засч залруулна.

 

5.3.9 Төсөв санхүүгийн хяналтыг сайжруулж, төсвийн үрлэгэн байдал, үр ашиггүй зардлыг бууруулж, хэмнэлтийн горимоор ажиллана. Төсөв санхүүгийн сахилга батыг чанд мөрдүүлж хэвшүүлнэ.

 

5.4 Тогтвортой бодлого-хамтын ажиллагаа

 

5.4.1 Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор салбар бүрийн бодлогын уялдааг хангаж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож үргэлжлүүлнэ.

 

5.4.2 Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, нутгийн захиргааны байгууллага, иргэдэд сурталчлах ажил зохион байгуулж, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

 

5.4.3 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж, “Хэв журмын урамшуулалт эргүүл”, “Хөдөлгөөнт эргүүл”, “Олон нийтийн цагдаа”, “School police” арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллуулах замаар гудамж, талбайд тавих цагдаа, олон нийтийн хяналтыг сайжруулна.

 

5.4.4 Гэнэтийн гамшиг осол, аюулт үзэгдлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж, мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүн түүнчлэн ард иргэдийг дадлагажуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

5.4.5 Уламжлалт харилцаатай гадаадын улс, хот, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай харилцаа-хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашид гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

 

                                            

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ БИЧГЭЭР БОЛОН УТСААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

                                              УТАС: 7023-2099, 7023-2231

                НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%