“Хууль, тогтоомж сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газартай хамтран зохион байгууллаа.
Дүүргийн Соёл урлагийн ордонд зохион явуулсан өдөрлөгийн үйл ажиллагаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэд дарга Ч.Раднаабазар, Налайх, Багахангай дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Ариунболд, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд Багахангай, Налайх дүүргийн шүүх, прокурорын газар, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн төлөөлөл зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан, тэдний санал хүсэлтийг хүлээн авав.
Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө өгч, иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмж, тараах материал, гарын авлага хүргэж, иргэдээс гаргасан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан үр дүнтэй ажил боллоо.
“Хууль тогтоомж сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг улирал тутамд тогтмол зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлаар иргэдэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй онцлон хэллээ.