Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн нэгдүгээр хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж
дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд:
1. "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр"-ийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж
баталлаа.
НҮБ-н дэмжлэгтэйгээр Налайх дүүрэгт хэрэгжиж байсан "Хүүхдэд ээлтэй
орон нутаг" хөтөлбөр
энэ онд буюу 2016 онд дуусгавар болж байгаа уг хөтөлбөрийг дэмжин үргэлжлүүлэх
үүднээс Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 200 дугаар тогтоол батлагдан
гарч "Хүүхдэд
ээлтэй Улаанбаатар хөтөлбөр"-ийг
хэрэгжүүлэхээр болсон.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал нь
хүүхдийн эрхийн ноцтой зөрчил. Иймд учрах хор хөнөөлөөс хүүхдийг хамгаалах,
хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд хүүхэд хамгааллын
зөрчлийн бүхий л эрсдэлийг бууруулан ажиллах, Хүүхэд хамгааллын үйлчилгээний
чанар хүртээмжийг сайжруулах зорилготой юм. Уг хөтөлбөрийг нийслэлийн 9 дүүрэг
залгамжлан хэрэгжүүлэх юм байна.
2. "Бейрпластик" ХХК-ний хүсэлт
"Бейрпластик" ХХК нь Налайх
дүүрэгт вакум цонх болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлаа энэ оны
хавраас эхлэх гэж буйгаа танилцуулсан.
Уг үйлдвэр нь ашиглалтанд орсноор дүүргийн иргэдийг ажлын байраар хангах юм
байна.
3.Такси үйлчилгээг
зохицуулах тухай журам
Налайх хотод такси
тээврийн үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зохицуулах үүднээс "Такси үйлчилгээг
зохицуулах тухай журам"
батлагдлаа.
Налайх хотын доторхи Төв автобусны буудлын хажуугийн
зогсоол, 2 дугаар хорооны Партизаны 2 дугаар гудамж дахь Баян бүрд худалдааны
захын түр зогсоол, "Буян
Налайх"
худалдааны төвийн урд талбай, 3 дугаар хорооны "Дөл"
худалдааны төвийн урд талбай, 4 дүгээр хорооны Ахуйн үйлчилгээний төв байрны
гаднах талбай, 5 дугаар хорооны нэг цэгийн үйлчилгээний байрны гаднах талбайг
тус тус такси үйлчилгээний түр зогсоолоор тогтоож, журмын дагуу такси үйлчилгээ
эрхлэгчдийг татварт хамруулахыг Налайх дүүргийн Татварын албанд, Тээврийн
хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж
ажиллахыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагт тус тус
даалгалаа.
4. Үнэлгээний
хороонд ажиллах иргэд, мэргэжлийн байгууллагын төлөөллийг батлах тухай
Жил бүр А3 гэрчилгээ эзэмшигчдийн сургалтыг дүүргийн
Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулдаг. 2015 онд дээрх сургалтанд
шинээр 8 хүн нэмэгдэж А3 гэрчилгээ гардан авсан байна. Дээрх иргэдийн
төлөөллийг ИТХ-аас баталгаажууллаа.
5. ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албаны 2016 оны
үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын алба нь 2015 онд хийсэн ажлаа
дүгнэж 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Хурлаар дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоож, ИТХ-ын шагналын
журамд өөрчлөлт оруулан ИТХ-ын "Хүндэт
өргөмжлөл", ИТХ-ын
Даргын "Жуух
бичиг", ИТХ-ын
Даргын "Баярын
бичиг" гэсэн
шагналуудтай байх бөгөөд шагнал тус бүр өөр өөрийн гэсэн онцлог загвартай
байхаар батлагдсан байна.
6. Журам батлах
тухай
Налайх хотын Захирагчийн ажлын албанаас согтууруулах
ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг ИТХ-д танилцуулан
батлууллаа. Уг журам батлагдан гарснаар дээрх үйл ажиллагаа эрхлэх, сунгах
зөвшөөрлөө Налайх хотын Захирагчийн ажлын албанд хандан шийдвэрлүүлэх юм байна.
7. Налайх хотын
бэлгэ тэмдэг, далбааны загвар батлах тухай
Налайх хотын
бэлгэ тэмдэг нь халдашгүй дархан, энхийн бэлгэдэл бамбай, хэлбэртэй байх
бөгөөд төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр чимсэн, гүн цэнхэр
өнгийн дэвсгэртэй, алтан шар өнгийн хүрээтэй байна.
Бэлгэ тэмдгийн төв хэсэгт хараа хурц, хурдан шаламгай,
эрэмгий зоригтой шонхор шувууг энх амгалан, бат бэхийн бэлгэдэл болох хүрдэн
дээр далавчаа дэлгэн сууж буйгаар дүрслэх бөгөөд түүний далавчийн үзүүр хэсэг
бамбайн дүрснээс илүү гарсан байна.
Шонхор шувууны толгойн дунд хэсэгт төр улсаа дээдэлсний
бэлгэдэл болгож Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг
илтгэсэн алтан соёмбыг байрлуулна.
Хүрдний голд бие биеэ дагаж эргэсэн хоёр загасны дүрсийг
байрлуулсан нь арга билэг хослон, өнөр өтгөн, сонор соргогийг бэлгэднэ.
Хүрдний доод хэсэгт мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал
нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй туузыг байрлуулах ба түүн дээр цагаан
өнгөөр "НАЛАЙХ
ХОТ" гэсэн
нэрийг кирилл үсгээр, хүрдний хоёр талд алтан шар өнгөөр "НАЛАЙХ ХОТ" хэмээн монгол
үсгээр хүндэтгэлтэйгээр тодотгон бичсэн байна.
Налайх хотын
далбааны загвар. Далбааны дэвсгэр өнгө нь гүн цэнхэр өнгөтэй, өргөн, урт
нь 1:2-ын харьцаатай байх бөгөөд гүн цэнхэр өнгийн хээгүй, цулгуй эдээр үйлдсэн
байна.
Далбааны хоёр хуваасны нэгийн ишин талын дэвсгэр хэсгийг
голлон Налайх хотын бэлгэ тэмдгийн арга билгийг голдоо байрлуулсан хүрдэн дээр
суусан шонхор шувуу, алтан соёмбыг байрлуулсан байна. Бэлгэ тэмдгийн өндөр нь
далбаан өндрийн 3:2-ын хэмжээтэй байна.
Далбааны иш нь далбаа намираагүй байхдаа доош унжихад газар шүргэхээргүй урттай байна.