2016
ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ХУУЛИУД
1.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
хууль.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны
эхний өдрөөс хэрэгжүүлнэ.
Энэ хууль хэрэгжсэнээр иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг
урамшуулал хэлбэрээр буцаан авч, мөн үйлчилгээ авсан цахим баримтаараа Үндэсний
сугалаанд хамрагдах юм.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын харилцаа бүхэлдээ цахим
хэлбэрт шилжиж, худалдаа хийх бүртээ иргэдэд цахим баримт хэвлэж өгөх үүрэг
хүлээнэ.
Мөн тухай бүрийн мэдээлэл татварын байгууллага, Сангийн яаманд
цахим хэлбэрээр төвлөрөх бөгөөд ингэснээр татвараас зугатаах, зайлсхийх
боломжгүй болох юм.
Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл
ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор
оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.
Иргэд НӨАТ төлөгч байгууллагаас авсан
үйлчилгээ бүртээ шинэ загвараар хэвлэгдэн гарах баримт авч цуглуулах бөгөөдwww.ebarimt.mn цахим сайтад тогтмол
бүртгүүлэх бөгөөд сугалааны хувьд 30 000-100 сая төгрөг хүртэлх хонжвор хожих
боломжтой.
Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар
олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол
торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.
Мөн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний, эсвэл 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Цахим системд
хугацаанд нь багтааж бүртгэж аваагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох тухай заажээ.
2.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан хуулиудын нэг нь “Хүүхэд
харах үйлчилгээний тухай” хууль бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа
хүүхдүүдэд халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих зорилготой батлагдсан.
Хуульд зааснаар 18-65 насны иргэд “Хүүхэд харах үйлчилгээ
эрхлэх”-ийн тулд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж
буй Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтад хамрагдаж, Хүүхэд харах үйлчилгээний
үндэсний сургагч багш гэрчилгээ авах шаардлагатай бөгөөд гэмт хэрэгт холбогдож
байгаагүй, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой.
Мөн хүүхэд харах үйлчилгээнд зориулсан байр бэлтгэх бөгөөд
хүүхдийн тоо 15-аас хэтрэхгүй, нэг сургагч багш 2-5 хүртлэх насны таван
хүүхдийг хариуцан өдрийн цагаар харах ёстой. Багшийн цалин зэрэг урсгал зардлыг
улсаас дэмжлэг болгон өгөх бөгөөд нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116
мянган төгрөг олгоно гэж заасан. Сургагч багш мөн өөрийн 2 хүртэлх хүүхдийг
хүүхэд харах үйлчилгээндээ хамруулах боломжтой.
Хүүхэд харах үйлчилгээний байранд хүүхэд амрах, тоглох, унтах, хооллох, гар
угаах нөхцлийг бүрдүүлсэн байх бөгөөд нэг хүүхдэд 2.5 м.кв-аас багагүй
хэмжээний талбай ногдоно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй хүүхэд харах
үйлчилгээнд хамруулж болох бөгөөд холимог хэлбэрээр хамруулах тохиолдолд нэг
хүүхэд харагчид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 1-ээс илүүгүй байна.
3.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
тухай хууль
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн оны 09 дүгээр
сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим нэг заалтыг 2016 оны 01 дүгээр сарын
01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр заасан.
Тодруулбал жолооч нарын зөрчлийн оноо тооцох заалт хэрэгжиж
эхлэх бөгөөд зөрчлийн ерөнхий 10 оноотой байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж,
дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас
шалтгаалан зөрчлийн 1-5 оноог хасах зарчмаар явна. Хэрвээ зөрчлийн оноо нь
дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Гэхдээ зөрчлийн оноогоо
хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо
автоматаар хүчингүй болно.
Зам тээврийн осол гаргасан жолооч 5, жолооны үнэмлэхгүй машин баривал 2,
жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа шилжүүлбэл машины эзний 1 оноог хасах
гэх мэтчилэн байдлаар тооцох юм.
Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш жилийн хугацаанд дахин
зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл
хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр заажээ.
4.
Нийтийн сонсголын тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын
тухай хууль нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар
нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог
хангах зорилготой бөгөөд мөн энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж
эхэлнэ.
Хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий
хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн,
орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.
Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой
холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр
сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах
бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг
хүлээнэ.
Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос
гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн
хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг
хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын,
хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын
болон дэд хороонд гаргаж болно.
5.
Соёлын тухай хууль
Энэ хууль нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан 2016
оны 01 дүгээр 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Энэ хуулиар Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран
сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй
нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70
хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Олон нийтийн телевизээс бусад
Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар
дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын
50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн
нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.
Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний
киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн
уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт
үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд
туссан байна.
6.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016
оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн
2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол
Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл мөн энэ оны эхний өдрөөс хэрэгжиж
эхэлнэ.
УИХ 2016 оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийг тэнцвэржүүлсэн
орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын
дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн байна. Алдагдлыг ДНБ-ний
3.4 хувьтай тэнцүүллээ.
Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд
заасан өөрчлөлтөөр хүүхэд бүрт олгодог байсан хүүхдийн мөнгийг ирэх оны
нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ялгавартайгаар олгохоор болсон билээ.
Тухайлбал, төсөвт 200 гаруй
тэрбумыг суулгадаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн нөхцөл байдалтай
холбогдуулан хассанаар ирэх оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэрээр нийт
144 тэрбум төгрөг улсын төсвөөс гарахаар болсон. Энэ нь хүүхэд бүрт хүрэлцэхгүй
учир 0-18 насны, өрхийн амьжиргааны 1-17 дугаар бүлгийн хүүхдүүд сар бүр 20
мянган төгрөг олгох юм.