Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэр 2003 онд гаргасныг манай улс дэмжиж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зарладаг уламжлал тогтсон.
Энэ нь сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас осол гарч хүний амь эрсддэг, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байранд ажилласнаас элдэв өвчинд нэрвэгдэх тохиолдол олон гарч буйг тодорхой хэмжээгээр бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой юм. Аяны хүрээнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Налайх дүүргийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн яам хамтарч Налайхын уурхайд амь үрэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.