
Гүрж улсын нийслэл Тбилиси хотод зохион байгуулагдсан “UCMAS INTERNATIONAL COMPETITION & WORLD CUP 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 85 гаруй орны 1500 орчим шилдэг тамирчин оролцож, цээж тоолол болон соробан сампингийн 11 ангилалд оюуны хурд, төвлөрөл, тооцоолох чадвараа сорьсон билээ. Энэхүү тэмцээн нь соробан сампин, цээж тооллын чиглэлээр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээнүүдийн нэг юм.
Тус олон улсын тэмцээнд Налайх дүүргийн 11 сурагч амжилттай оролцож,
• Аваргын цом – 3
• Алтан цом – 3
• Мөнгөн цом – 3
• Хүрэл цом – 2
тус тус хүртсэн бахархам амжилтыг үзүүлсэн.

Энэхүү өндөр амжилт үзүүлсэн сурагчдыг өнөөдөр Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Менежер С.Ялалт нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, Монголын Хүүхдийн Ордны дээд шагнал болох “Эрдэм алт”, “Эрдэм мөнгө”, “Эрдэм хүрэл” медалиудыг гардуулан өглөө.

Налайх дүүргийн авьяаслаг хүүхэд, сурагчид олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, оюуны спортын салбарт түүхэн амжилт үзүүлснийг онцлон тэмдэглэж байна.
Амжилт гаргасан нийт сурагчид, тэднийг бэлтгэн сургаж буй багш, дасгалжуулагч нарт талархал илэрхийлж, цаашдын сурлага, спортын замналд нь өндөр амжилт хүсье.
















