
Монгол Улсын уул уурхайн салбарын өлгий болсон Налайхын их уурхайн түүхт 103 жилийн ой, Уурхайчдын баярт зориулсан хүндэтгэлийн хурал, шагнал урамшууллын ёслол өнөөдөр зохион байгуулагдлаа.
Түүхэн 1912 онд Налайхын их уурхай анх олборлолтоо эхлүүлж, 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд орсноор Монголын уул уурхайн салбарын хөгжлийн суурийг тавьсан билээ. Энэхүү түүхэн өдрийг хүндэтгэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ныг Уурхайчдын баяр болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай.

Баярын хурлын нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, Засаг дарга Д.Наянбаяр, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн нар оролцож, үе үеийн уурхайчдад баярын мэндчилгээ дэвшүүлэн, тэдний Монгол Улсын хөгжил, аж үйлдвэржилтийн түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд ахмад уурхайчдыг шагнаж урамшуулан, хөдөлмөр зүтгэлийг нь алдаршууллаа.

Налайхын их уурхай нь нийслэл Улаанбаатар хотын дулаан, цахилгаан хангамж, барилга, үйлдвэрлэлийн салбаруудын хөгжлийн гол тулгуур байж, Монголын уул уурхайн инженер, техникийн анхны боловсон хүчнийг бэлтгэн төрүүлсэн түүхэн гавьяатай.
Уурхайчдын 103 жилийн ой нь Налайхын уурхайчдын хөдөлмөрийн бахархал, түүхэн гавьяаг дахин бататган харуулсан, хүндэтгэл, талархлын арга хэмжээ боллоо.

















