
Налайх дүүргийн Боловсролын хэлтсээс ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнуудын дунд “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдаан нь боловсролын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд онол-практикийн ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Илтгэлийн уралдааны үндсэн зорилго нь:
• Хүүхэд хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн оролцоог бэхжүүлэх,
• Багш нар эцэг эхтэй хамтран ажиллах практик туршлага, үр дүнгээ онол арга зүйн үндэслэлтэйгээр тайлан илтгэх,
• Сургалтын үйл явцад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх,
• Багш нарын судалгаа, шинжилгээний чадварыг хөгжүүлэх,
• Боловсролын шинэчлэлийн хүрээнд шийдэл гаргах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Уралдаанд дүүргийн бүх төрлийн сургалтын байгууллагын багш, удирдлагууд өргөнөөр оролцож, сургуулийн орчин дахь эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх бодит туршлага, шинэлэг санаачилгыг илтгэлээрээ танилцуулж байна.

Тус уралдааныг нээж Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул үг хэлэн, багш нарын мэргэжлийн өсөлт хөгжил, сургалтын чанарт гэр бүлийн оролцоог тэлэхийн ач холбогдлыг онцоллоо. Мөн оролцогч багш, судлаачдад амжилт хүсч, уралдааны үр дүн дүүргийн боловсролын бодлогод чухал хувь нэмэр оруулах болно гэдгийг тэмдэглэв.








