
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 05 дугаар сарын 29 өдрийн А/262 “Төрөлжсөн сургалт зохион байгуулах журам”-н 1.3 дах заалт, 2024-2025 оны хичээлийн жилийн БШУЯ-ны зорилго, зорилтын 11 дэх зорилт “Төрөлжсөн ахлах сургууль байгуулах” гэж заасныг үндэслэн Герман-Монголын хамтарсан ашигт малтмалын их сургуультай ЕБ-ын лаборатор 119 дүгээр сургууль санамж бичиг байгуулан Математик, Англи хэлний хичээлээр 10 дугаар ангид төрөлжсөн сургалтыг хичээллүүлж эхлээд байна. Хамтын ажиллагааны хүрээнд Англи хэлний төрөлжсөн хичээл дээр GMIT-н Хэл шинжлэлийн доктор Б.Номиндарь багш хичээл зааж байгаа юм. Мөн Дезерет олон улсын байгууллагаас speaking club ажиллаж байна. GMIT-с зохион байгуулагддаг “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон “Guide 7 day”, Сайн дурын ажил, Сурагчдын клуб, Эрдэм шинжилгээний бага хурал зэрэгт багш нар болон сурагчид хамрагдаж, бэлтгэгдэж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус ангид суралцаж буй сурагчидтай Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул уулзаж, сургалтын явц, сурагчдын санал бодлыг сонсон ярилцлаа. Уулзалтын үеэр сурагчид математик, инженерчлэлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломж, ирээдүйн мэргэжлийн чиг баримжааны талаар сонирхлоо илэрхийлсэн бөгөөд ИТХ-ын дарга боловсролын чанарыг дэмжих, шинэлэг загварыг нутагшуулахад дүүргийн зүгээс нээлттэй дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцоллоо.
GMIT болон 119 дүгээр сургуулийн хамтын энэ ажил нь дүүрэгт шинэлэг сургалтын орчин бүрдүүлэх, ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.






