
1945 оны тавдугаар сарын 9. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.
Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.
НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол Орос улсад дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг.
Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.
• Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлжээ. 1941 оны ХI сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ.
• Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн”Хувьсгалт Монгол” танкийн цуваа.Танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлын хүрээнд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулжээ.Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэг байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байв. “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн уг эскадриль гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж байв.
• Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 агт сайн морио нийлүүлжээ. Малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэж байв. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ.Москва хотын төвд хүнд замыг туулж Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээгдсэн билээ.
• Герман үг дуугуй буун өгснийг ЗХУ-д 9-нд шилжих шөнө зарлаж, И.Сталины тушаалаар тэр өдөр Москвад 1000 их буугаар ёслолын буудлага хийжээ. Зөвлөлтийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр болгосон байна.
Ялалтын баярын анхны парадыг 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд хийсэн бөгөөд парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авсан түүхтэй.