Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 28 дугаар хуралдаан өнөөдөр 100%-ийн ирцтэйгээр хуралдаж, 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус хуралдаанаар “Налайх Хангамжийн төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд өөрчлөлт орохтой холбогдуулан байгууллагын нэршилд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар дэмжлээ. ИТХ-ын Төлөөлөгчид 2024 оны эхний улиралд багтаан дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрмийг шинэчлэн батлахаар тогтлоо. Хуралдаанаар хэлэлцсэн 2 дахь асуудал болох Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухайд олонхийн саналаар "Хангалттай" гэж дүгнэж, иргэдээс ирүүлж буй санал гомдлыг түргэн шуурхай барагдуулахад анхаарч ажиллан, хийгдэж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг тухай бүр таниулан сурталчлан ажиллахад анхаарч, цаашид хариуцсан ажлаа сайжруулж, зөрчил дутагдал гаргалгүй ажиллахыг даалгалаа. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэж, ирэх онд улирал бүр явцын биелэлт хэрэгжилтийг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Тамир болон холбогдох ЗДТГ-ын хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгож, төлөвлөгөөг эцэслэн баталлаа.