Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эмэгтэй Төлөөлөгчид болох хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдөр оны анхны хуралдаанаа хийж, 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө. Уг зөвлөл нь өнгөрсөн онуудад иргэдэд нэн тулгамдаж буй асуудлыг судлан иргэдийн санал бодолд тулгуурлан тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. Энэ удаад 5 өрөө бүхий 10 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж буй Хөнгөвчлөх хэсгийг сонгон, танилцав.
Танилцуулгыг Эрүүл мэндийн төвийн эмнэлэгийн тусламж хариуцсан орлогч дарга Д.Оюумаа болон, Дотрын тасгийн эрхлэгч Б.Одгэрэл, Хөнгөвчлөх эмч Г.Соёл-Эрдэнэ нар танилцууллаа. Уг тасагт жилд 370-380 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд өвчтний 90 хувийг хорт хавдраар өвчилсөн иргэд зонхилдог байна. Тус тасгийн орчин нөхцөл хүндэвтэр бөгөөд хэвтэн эмчлүүлэгсэд сахиуртай, сахиуруудад амрах орчин нөхцөл бүрдээгүй, өвчтний өрөөний зай талбай муу, агааржуулалт муу, ариун цэврийн өрөө стандарт шаардлагад нийцээгүй зэрэг хүндрэлүүд байгаа зэрэгтэй танилцлаа. ИТХ-ын Эмэгтэй Төлөөлөгчид тасгийн 1 өрөөг стандартын дагуу засварлаж, өвчтөн болох иргэнд шаардлагатай орчин нөхцлийг бий болгох талаар харилцан санал солилцож, цаашид хийх ажлаа тодорхойллоо.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эмэгтэй Төлөөлөгчид нь өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр нэлээдгүй ажлыг санаачлан хийж байсан бөгөөд Ковид-19 халдварын үед эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжих, шаардлагатай багаж тоног төхөөрөмж, хүчилтөрөгч өтгөрүүлэх аппарат нийлүүлэх, Дезерет ОУ-ын байгууллага, Хожмын үеийн гэгээ сүм зэрэг хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран дүүргийн 8 хорооны өрхийн эмнэлэг болон ЭМТөвийн хүүхдийн тасаг тус бүрт нярайн шарлагын аппарат, ургийн хяналтын багаж бусад дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх, дүүргийн 8 хорооноос сонгогдсон эмэгтэйчүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, хороодын үйл ажиллагааг дэмжих зэрэг олон ажлуудыг хийж ирсэн.