2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнөөдөр Хангарьд
ордны хурлын танхимд "Егүзэр
хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт" Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал болж байна.
Егүзэр хутагт
Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц Вангийн хошууны (одоогийн
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум) нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын
нэг бөгөөд 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба
цол, шавь захирах тамга хүртсэн.
Тэрээр 1911 оны
Монголын үндэсний хувьсгалыг талархан угтан авсан бөгөөд Богд хааны зарлигаар
1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөр Монголын олон
хошуудыг Монгол Улсад дагаар оруулах үйл хэргийг үнэн сэтгэлээс нэр төртэйгээр хариуцан, хил хязгаарыг
Хятадаас ариунаар сахин сэргийлэн сууж байсан.
Егүзэр хутагт
1921 оны 05 дугаар
сарын 19-нд Зүүн өмнөд хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайдаар
томилогдож, мөн оны аравдугаар сард сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Егүзэр
хутагт Галсандашийг хил хязгаарт суухад аюултай тул Богдын ногоон ордонд залах
нэрээр 1929 оны 08 дугаар
сарын 11-нд Улаанбаатар авчирсан
байна.
Гэвч
үнэн хэрэгтээ түүнийг гэрийн хорионд байлгаж байгаад 1930 оны зун баривчлан
хорьж, хилс хэрэг тулган, Эрэгдэндагвын хэрэгт
холбогдуулан хилс хэрэг тулган хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ.
Түүнийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990
оны тавдугаар сарын 18-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Егүзэр хутагтад
тулгасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.
Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн 2000 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд
сургуулийг Егүзэр хутагт Галсандашийн нэрэмжит болгосон байна.
Жил бүрийн 09 дүгээр сард Улс төрийн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх
дурсгалын өдөр хэмээн 1996 оноос тэмдэглэж ирсэн.
2020 онд Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын
Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой, хилс хэргээр цаазалсных нь 90 жилийн ой,
үйл олноор хэлмэгдүүлсэн хүмүүсийг цагаатгах ажлыг эрхлэх байнгын ажиллагаатай
төрийн байгууллага болох Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс
байгуулагдсаны 30 жилийн ой тус тус тохиож байна
Энэ түүхэн үйл явдлуудтай холбогдуулан өнөөдөр энэхүү Олон улсын эрдэм
шинжилгээний хурлыг зохион байгуулагдаж байна.
Хуралд:
Монгол Улсын
цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс
Цагаатгах ажлыг
удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс
ШУА-ийн Олон
улсын харилцааны хүрээлэн
Түүх, угсаатны
хүрээлэн, "Егүзэр хутагт" нээлттэй нийгэмлэг
Монголын бурхан
шашинтны төв Гандантэгчэнлин хийд
Монголын Улс
төрийн хэлмэгдэгсдийн холбоо
Сүхбаатар аймгийн
ИТХ, Засаг даргын Тамгын газар
Эрдэнэцагаан сумын
Засаг даргын Тамгын газар
"Эрдэнэмандал"
хийд зэрэг газруудаас оролцож түүнийг хэлмэгдүүлж байсан түүх, хутагтын намтар, улс төр,
шашны үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнөж байна.
Хэлэлцүүлэгт Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын
албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Дүүргийн Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах Комиссын нарийн бичгийн дарга А.Ганцэцэг оролцож байна
Улс төрийн хилс
хэрэг хэлмэгдүүлэлтэд 37.000
орчим хүн өртөж, 20.000
орчим хүн цаазлуулжээ. Эдүгээ 30.000 гаруй хүнийг цагаатгаад байна.