Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг өнөөдрөөс эхэлж, SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд хэрэгжүүлэхээр болжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл явагдах аж. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна.
НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэхүү SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” хэмээн хэллээ.
НЗДТГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “2019 онд нийслэлийн зургаан дүүргийн 42 хорооны иргэдээс ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг SmartUB аппликэйшнийг ашиглан авсан. Тус санал асуулгад оролцох ёстой байсан 176,000 иргэнээс 43 хувь буюу 76,330 иргэн цахимаар саналаа өгсөн байдаг. Иргэдийн илгээсэн саналыг үндэслэж тухайн хороонд хамгийн их санал өгсөн бүтээн байгуулалтыг орон нутгийн хөгжлийн сангаар хийнэ” гэв.
Өнгөрсөн жилийн хувьд цахимаар саналаа өгсөн иргэдийн дийлэнх хувь нь хороодуудад камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгсөн байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг зайлшгүй хийгдэх шаардлагатай хэмээн саналаа өгч байжээ.