Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй төрийн байгуулалтын ажлын хорооны нэгдүгээр хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 85.7%-ийн ирцтэйгээр онлайнаар хуралдлаа.
Хуралдаанд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, ажлын хорооны гишүүн Б.Нэргүй, Б.Сампилноров, М.Эгэз, Г.Баттөмөр, З.Болдбаатар нар оролцож, “Цэцэрлэгжүүлэлтийн алба байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 15/01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооны 2020 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай” гэсэн 3 асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд дараах санал, дүгнэлтийг танилцуулахаар болов.
Нэг. Цэцэрлэгжүүлэлтийн алба байгуулах
тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2010 онд Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийг алба ОНӨААТҮГ гэсэн нэрээр гэрчилгээ авсан боловч дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаар тогтоолоор Цэцэрлэгжүүлэлтийн алба байгуулахдаа Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэмээх нэршлийг оруулаагүй баталсан байна. Иймд тогтоолын төсөлд редакцийн засвар оруулан “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ байгуулах тухай гэж засахыг дэмжээд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны
15/01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.13 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь хэсгийг үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 15/01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дараах саналыг гаргалаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын 1.7-д батлагдсан “Ахмадын сувиллын магадлан итгэмжлэл, санхүүжилтийг шийдвэрлэж, 400 ахмад настныг хөнгөлөлттэй нөхцлөөр хүлээн авч сувилна гэснийг “Ахмадын сувиллын барилгын өргөтгөл барих, Ахмадын сувилалд сүүдрэвч барих, Ахмадын сувилалд иж бүрэн тавилгатай 5 ширхэг гэр худалдан авах гэж өөрчилснийг олонхийн саналаар дэмжив.
Дүүргийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний 2.1-т тусгагдсан Худгийн усны нөөцийн сав худалдан авах /24 ширхэг/ гэснийг 13 ширхэг, нерж, угсардаг болгож өөрчлөх санал болон 4.4-т тусгагдан батлагдсан “Усны машин” гэснийг Бохир усны машин худалдан авах гэж өөрчлөх саналуудыг олонхийн саналаар дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 15/01 дүгээр тогтоолоор гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, холбогдох судалгаа тооцоог нарийвчлан гаргаж, Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.