2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 2,8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Баттөмөр, Ц.Минжинхүү, Л.Ариунаа, З.Болдбаатар, дүүргийн Засаг даргын зөвлөх Б.Отгонпүрэв болон тус хорооны 300 гаруй иргэн оролцож, 2,8-р хорооны Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайлан, өрхийн эмнэлгийн тайлан, Улсын бүртгэгчийн тайлан, Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны тайланг сонсож “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.
Хуралдаанаар иргэд орон сууц, СӨХ, байрны дулаалга, дулаан алдалт, 10 шарын шинэ замд хурд сааруулагч хийх, нарлаг хэсгийг төвийн шугамд холбох, цагаан байрны дахин төлөвлөлт, байрнуудын хогийн савын байрлал өөрчлөх, цахилгааны тоолуур, цагдаагийн эргүүлийг сайжруулах, хашлага давж зогсдог автомашинуудад арга хэмжээ авах зэрэг асуудлыг ярьж байсан бөгөөд иргэдээс гаргасан санал хүсэлтийг төрийн болон орон нутгийн байгууллага албан тушаалтанд хандаж санал хүсэлт гаргасныг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхээр тэмдэглэн авснаас гадна Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтэс, Өрхийн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтсээс шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийж, бэлтгэсэн гарын авлага тараан ажиллалаа.