2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангын хурлаа хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Тайлангийн хуралд дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа, Б.Бат-Эрдэнэ, дүүргийн ерөнхий прокурор Х.Баярмаа, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар оролцлоо.
Тус дүүргийн хэмжээнд 2019 онд 331 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 89 нэгжээр буюу 21,1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс хулгайлах гэмт хэрэг 49 нэгжээр буюу 31,7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21 нэгжээр буюу 13 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 6 нэгжээр буюу 85,7 хувь, залилах гэмт хэрэг 10 нэгжээр буюу 38,4 хувиар тус тус буурч, малын хулгайн гэмт хэрэг 9 нэгжээр буюу 99 хувиар өссөн байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Цагдаагийн хэлтсээс боловсруулан гаргасан “Гэр бүлсэг Налайх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлж байна. Архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүднээс төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд, иргэдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэн, архигүй дүүрэг, хороо, байгууллага, хувь хүн болох зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд гэмт хэргийн гаралт 2019 онд 21.2%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Энэ онд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст старекс маркын автомашин 1, лада маркын эргүүлийн тэрэг 1 шийдвэрлэж өгсөн бол Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн албан хаагчдын албаны ажиллах хүч, техник, хэрэгслийг бэхжүүлэх, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хьюндай соната 8 маркийн автомашиныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдлээ. Үүнээс гадна дүүргийн Засаг даргын тамгын газраас нисдэг дрон болон бусад техник хангамжийг тус Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Цаашид 2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн хэлтсийн барилгыг шинээр барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тайлангийн хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулган ирж мэндчилгээ дэвшүүллээ.