Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооны тавдугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Хуралд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, гишүүд З.Болдбаатар, М.Эгэз, Г.Баттөмөр нар оролцож, 57.14 хувийн ирцтэй хуралдаж, “Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, Иргэддээ ээлтэй Налайх бүлэг, дүүргийн 6 дугаар хороог “Тэрэлж тосгон болгон хөгжүүлэх” тухай асуудлыг хэлэлцэж санал дүгнэлт гаргаж ажиллаа.
Төлөөлөгч З.Болдбаатар:
3 дугаар хорооны Замчинд НҮБ-ын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ухаалаг худаг нь 24 цагаар ажилладаг, иргэдийн усны хэрэгцээг харах боломжтой, эргэн тойрон камержуулсан төдийгүй халуyн ус авах боломжтойгоороо давуу талтай юм. Иймд бид Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч Налайх зорилтын хүрээнд хороо бүрт нэг ухаалаг худаг бий болгох ажлыг судалж шийдвэрлэх шаардлагатай байна.
Төлөөлөгч Г.Баттөмөр:
2020 онд дүүргийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тодорхой хэдэн заалт тусгаж, төрийн үйлчилгээгээр тэргүүлэх зорилтоо тоймтой гаргаж ирэх нь зүйтэй.
Төлөөлөгч М.Эгэз:
Дүүргээс хэрэгжүүлж буй гэрт хүрч үйлчлэх ажлыг эрчимжүүлж, хороодын Засаг дарга нар хэвтрийн ахмад болон асаргаа дэмжлэг шаардлагатай иргэдийг эргэдэг хуваарьтай болох ажлыг нэмж тусгах хэрэгтэй.
Төлөөлөгч Д.Отгонсүрэн:
-Дүүргийн хэмжээнд камержуулалтын ажлыг хийж, нэгдсэн хяналтын системтэй болох ажлыг цогцоор нь шийдэх, шаардагдах төсөв хөрөнгийг улс, нийслэл, дүүргийн төсөвт суулгах,
-Хөгжлийн зөвлөл, Олон нийтийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд төсөв суулгах,
-Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг ЗДТГ, ИТХ-ын байгууллагуудад тэгш хуваарилах,
-Төлөөлөгч 2020 хөтөлбөрийг үндсэн чиглэлд тусгах,
-Боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд кембриджийн тогтолцоонд үе шаттайгаар шилжих,
-Гэр бүл хүүхэд залуучуудын төвд “Жишиг залуучуудын төв” байгуулах зэрэг ажлыг судлан нэгдсэн хуралдаанаар танилцуулах нь зүйтэй.