Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-04-01


Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй төрийн байгуулалтын ажлын хорооны 2019 оны хоёрдугаар хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 01ий өдөр хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, Хурлын дарга Б.Нэргүй, төлөөлөгч З.Болдбаатар, төлөөлөгч Б.Сампилноров нар оролцож, дүүргийн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй болон ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэх журам батлах, Налайх дүүргийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан, Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам гэсэн асуудлуудыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргалаа.

 

Төлөөлөгч Б.Сампилноров:

Дүүргийн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй болон ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэх журмыг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзээд постны дэргэд зам дагуу гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчдийг зам чөлөөлөөд зогсож, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Мод нүүрсэн дээр гарал үүслийн бичиг шаардсан байна. Модонд гарал үүслийн бичиг гаргаж болох ч нүүрсэнд гарал үүслийн бичиг гэж байхгүй. Иймд аль уурхайгаас ачсан баримтыг шаардах нь зүйтэй байх.

 

Төлөөлөгч З.Болдбаатар:

Налайх дүүрэг түлээ нүүрсний худалдаагаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадсан бөгөөд сүүдрэвчтэй худалдаа жил ирэх тусам сайжирсаар байгаа нь сайшаалтай. Улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа эрхлэгчдээс хураах үнэ тарифыг бууруулах, хэт их стандарт барьж иргэдийг ашиг орлого олох нөхцлийг хязгаарлахгүй байхыг анхаарч ажиллах. Тухайлбал, гэр буудал ажиллуулахад сараар 100,000 төгрөг гэснийг нэг гэрээс 20,000 төгрөг байхаар хасах, чихэр ундаа зайрмаг худалдаалахад иргэдийн олох ашиг бага тул хураамжийг дахин судалж бууруулах саналтай байна гэсэн юм.

 

Хурлын дарга Б.Нэргүй :

Сүүдрэвчтэй худалдаа эрхлэгчдээс хураасан төлбөр мөнгөөр тухайн газар тохижилтын ажил хийх, машинтай иргэд зогсоход шороо тоос босохооргүй хайрга чулуу дэвсэж зогсоол байгуулах, стандарт шаардлага хангасан ариун цэврийн байгууламж байгуулах, сүүдрэвчтэй худалдаа эрхэлдэг газрын ойр орчим ногоон байгууламж байгуулах зэрэг ажлыг хийж, жил бүр ахиц дэвшилттэй ажиллах, улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа эрхлэгчдээс хураасан төлбөр хураамжаар, цаашид хийх тохижилтын ажлын төлөвлөгөө тайланг, хууль тогтоомжид нийцүүлэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллах нь зүйтэй гэсэн юм.

 

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дүүргийн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй болон ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэх журам , Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах асуудлыг дүүргийн Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахаар боллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%