Эмч танд баярлалаа
Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц
Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц
Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэх. Үнэхээр ч хүн өвдөж, зовохоороо эмнэлэг бараадаж, эмчийг зорьдог. Үхэлтэй тэмцэж, өвчнийг илааршуулах гэж хүн ардын эрүүл энхийн манаанд нойр хоол, хувийн амьдрал, ар гэрээ умартан зогсоо бүхий л эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийн мэндийг хүргэе. Энэ хорвоод биднийг эх барин угтаж, өсөх насанд шүдийг маань, өвдөхийн цагт биеийг маань анагааж, үхлээс хүртэл өрсөх гэж хичээн яах аргагүй дийлдэхийнхээ цагт ялыг нь хүртэл үүрч үлддэг, цагаан нөмрөгтэй бурхадад бид сэтгэлийн их өртэй билээ.Эмч гэдэг эрхэм алдар хэдий боловч, нэг эмч алдаа гаргахад нийгэм бүхэлдээ буруутган шүүдэг, хараан доромжилдог.Эмчийг зорьж, өвчнөө илааршуулаад эдгээд гарч байгаа хүн магнай тэнийж, баярлах хэдий ч үүнийгээ олон нийтэд зарлан тунхаглаад дуулиан дэгдээгээд байдаггүй, тэрүүхэн тэндээ чимээгүйхэн талархаад л өнгөрдөг. Тиймээс ч цагаан нөмрөгтэй бурхаддаа зориулж, талархалын үгийг энэ өдөр харамгүй хэлэх учиртай. Тэд урмаар дутах учиргүй. Энэ өдөр эмч мэргэжлээр бахархах, олон нийтэд таниулан сурталчлахын зэрэгцээ эмчлүүлээд эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн талархалаа илэрхийлж, чин сэтгэлийн үгээ хэлдэг сайхан уламжлал тогтжээ. Дүүргийнхээ нийт эмч нартаа баярын мэнд хүргэж, талархалаа илэрхийлэх боломжийг та бүхэнд олгож байна.