Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-03-12

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй төрийн байгуулалтын ажлын хорооны 2019 оны нэгдүгээр хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 85.7%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Ахмадын сувиллыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох, “Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай” 2015 оны 48-р тогтоол хүчингүй болгох, дүүргийн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй болон ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэх журам батлах, Налайх хотын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах, Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооноос 2019 онд хийх ажлын төлөвлөгөө батлах гэсэн асуудлуудыг хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд дараах санал, дүгнэлтийг танилцуулж байна.

Нэг. Ахмадын сувиллыг орон нутгийн өмчит аж ахуйн

тооцоот үйлдвэрийн газар болгох тухай

Ахмад настнуудыг цэвэр агаарт амрааж, сувилах, эрүүл мэндийг дэмжих чиг үүрэг бүхий “Налайх ахмадын амралт сувилал” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох шийдвэрийг дэмжин, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ахмадын сувиллын ажиллах дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтыг тодорхой гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй болон групптэй иргэдийг хамруулах, ахмадын сувиллын ойр орчмын газар, өвлийн улиралд ашиглах боломжийг судлан шийдэх талаар анхаарч ажиллах шаардлагатай гэж үзээд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж” заалт, 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх хэсгийг үндэслэн Ахмадын сувиллыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох шийдвэрийг яаралтай гаргаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. “Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулах”

2015 оны 48-р тогтоол хүчингүй болгох тухай

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгийг үндэслэн дүүргийн хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гурав. Дүүргийн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй

 болон ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэх журам

Дүүргийн нутаг дэвсгэрт улирлын чанартай, сүүдрэвчтэй болон ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэх журмын төслийг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “г”, “д” заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, 61.4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.5 дахь заалтын хэрэгжилтийг ханган, ажлын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг тусган дахин Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд журмын төсөлд хууль эрх зүйн болон монгол хэлний найруулга зүйн редакци хийх, ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг тодорхойлж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, сүүдрэвчтэй худалдаа эрхлэгчдээс санал авч захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн төлбөр, хураамжийн хэмжээ үнэ тарифыг дахин судалж, зарим үнийг бууруулах, журмын төсөлд худалдаа үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоох асуудлыг тусгах, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, гар дээрээс худалдаа эрхлэх асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиглэлээр журамд нэмэж тусгах, журмын төслийн 3.4 дэх хэсгийг хасах, гэр буудал, цайны газар, аялал жуулчлалын үнэ тарифыг салгаж, үнэ тарифт өөрчлөлт оруулах, 2.1, 4.3 дахь хэсэгт дахин найруулга хийх, Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн журам, Сангийн сайдын 2014 оны 43-р тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”, Сангийн сайдын 2018 228-р тушаал, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг тооцох аргачлалтай хэрхэн нийцэж байгаа талаар танилцуулга бэлдэж, Эрх зүй төрийн байгуулалтын ажлын хорооны хоёрдугаар хуралдаанаар танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв. Налайх хотын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 20.1.7 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 32.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, 61.4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.5 дахь заалтын хэрэгжилтийг ханган, журмын төслийн 7.1.8 дахь хэсгийн 2-оос доошгүй удаа зөрчил гаргасан гэсэн хэсгийг хасах, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%