Алтан гадас одонт Голомт цогцолбор сургуулийн түүхт
80 жилийнхээ ойг есдүгээр сарын 21-22ны
өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус сургууль нь 1938 онд хорин сурагч нэг багштай байгуулагдан эх сууриа
тавьж байсан бол өнөөдөр цогцолбор сургууль болон өргөжиж хичээлийн гурван
байранд жаран дөрөв бүлэгт 2330 гаруй сурагч 98 багштай сургалт хүмүүжлийн үйл
ажиллагаа явуулж байна. Дүүргийн анхдагч сургуулийн хувьд 109 дүгээр бага
сургууль,Эрдмийн оргил цогцолбор сургууль, 119 дүгээр сургуулийг өөрийн өврөөс
төрүүлэн гаргасан ачтай сургууль билээ.
Сургууль үүсэн байгуулагдан түүхийн хуудаснаа бичигдсэнээс хойш 1943 онд
анхны төгсөлт, 1958 онд анхны аравдугаар ангийн төгсөлтөө хийж байсан бол
өнөөдөр далан тав дахь төгсөлт 80 жилийн түүхэн нээлтээ хийж байгаа Монгол
улсын ууган сургуулийн нэг билээ.Тус сургууль нь далан таван удаагийн
төгсөлтөөр 18500 гаруй суралцагчдад суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлж
байна.
Голомт цогцолбор сургууль нь Монгол улсын хэмжээнд сургууль төгсөгчидтэй
байнгын холбоотой арав, хорь, гучин жилийн дараа төгсөгчдөө хүлээн авдаг сайн
туршлагыг түгээн дэлгэрүүлж байгаа сургууль юм.
Голомт сургуулийн эрдэмтэн багш нарын хичээл зүтгэл сурагч бүрийн идэвх
санаачилгын үр дүнд тус сургуулийн нэр алдар зуун дамжин цуурайтахын өлзийтэй ерөөлийг өргөе.
Голомтоос цацрах эрдмийн гэгээ ургах
наран мэт ертөнц даяар түгээх болтугай.
.