Дүүргийн Нэгдүгээр хорооны Их Амны зуслангийн шороон замыг Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, “Шар Монгол” ХХК-тай хамтран сайжруулж, засаж янзалж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Шар Монгол” ХХК-иас 80-аад сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бол Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас машин техник, хүн хүч гарган, сайжруулсан шороон замын далан барих, тэгшилж янзлах ажлыг хийж байна.
“Шар Монгол” ХХК-ийн Уурхайн дарга Ж.Булгантамир ярихдаа:“Манайх 2013 оноос эхлэн элс, хайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны хүрээнд Их Амны 3 орчим км замыг засаж янзлахад манай байгууллагын зүгээс 4 тонн түлш, 1200 куб.м хайрга бусад зардал нийлээд 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ” гэв.
Их амны энэ хэсгийн шороон зам нэгдүгээр хорооны айл өрхийн зуслан болон цэргийн амралт, ахмадын амралт зэрэг хөл хөдөлгөөн ихтэй байдаг бөгөөд өмнө нь машин явахад хүндрэлтэй байсан. Тиймээс дүүргийн удирдлагын зүгээс Зэвсэгт хүчний анги, салбар, аж ахуйн нэгж байгууллагад хүсэлт гарган хамтран ажилласны үндсэн дээр энэ хэсгийн замыг засаж янзлах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Дүүргийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, “Шар Монгол” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье.