Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.. Энэ өдрийг тохиолдуулан байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй Тэргүүлэгч О.Энхтайван, Хурлын ажлын албатай хамтран “Хөл Налайх” цэцэрлэгт 50 ширхэг мод тарьлаа.Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах, агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс Налайх дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Та бүхэн өөрсдийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө хүн бүр мод тарихыг уриалж байна.
“Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян”
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.