Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын мэтгэлцэгч сурагчдын мэтгэлцэх чадварыг ахиулах, үр дүнтэй суралцах арга барилыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тус дүүргээс улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцох багуудыг шалгаруулах зорилгоор Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын хэлтэс, Отгонтэнгэр их сургууль, Монголын Карл попперын мэтгэлцээний нийгэмлэгтэй хамтран сурагчдын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Оролцогчид “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоо” гэсэн сэдвийн хүрээнд өрсөлдөж, дараах шийдлийг гаргажээ.
1. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдоход нийгмийн орчноос илүү гэр бүлийн орчин нөлөөлж байна.
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд камерын нэгдсэн хяналтаас илүү хөршийн хамтын ажиллагаа чухал.
3. Насанд хүрээгүй хүүхдэд адал явдалтай кино үзүүлэх нь гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлдэг.
4. Дуулиант гэмт хэргүүдийн талаар мэдээлэх нь түүнээс урьдчилан сэргийлэхээс илүү нийгмийг айдаст автуулдаг.
5. Бусдыг шоглох нь гэмт үйлдэл мөн.
6. Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт сургуулийн захиргаа хариуцлага хүлээдэг байх ёстой гэж мэтгэлцэгч хүүхдүүд үзсэн байна.
Тэмцээнд нийт 4 сургуулийн 18 багийн 54 сурагчид оролцож
1-р байранд Эрдмийн оргил цогцолбор сургуулийн Ховор ухаан баг,
2-р байранд Голомт цогцолбор сургуулийн Унагалдай баг,
3-р байранд 103 дугаар сургуулийн Талст баг тус тус шалгарсан. Шалгарсан багууд улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхийн эзэд болж байна.
Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана.