Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх, Багануур, Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн тасагтай хамтран 2018 оны 04-р сарын 05-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа шийдье” зөвлөгөөнийг Налайх дүүрэгт зохион байгууллаа. Зөвлөгөөнд НИТХ-ын ГХУСАЗЗ-ийн гишүүн Б.Мөнх-Оргил, Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Нэргүй, Багануур дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга С. Даваасүрэн, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Х.Цогцэцэг, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж, Замын цагдаагийн албаны захиргаа удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа, Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Зөвлөгөөнөөр Налайх, Багануур, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч танилцуулгыг хийж харилцан туршлага солилцсон юм. Мөн “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан илтгэл тавьж, орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг танилцууллаа.
Энэ үеэр Монголын замын тэмдэг, тэмдэглэгээний холбооны тэргүүн О.Батхүү хэлэхдээ жолоочийн анхаарлыг сэргээх зорилгоор жолооч нарт дохио болох замын товгор тэмдэглэгээг Налайх, Багануур, Багахангай дүүргийн авто замын осол гардаг хар цэгт хийхээр төлөвлөж байна гэсэн юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор гаргасан зөвлөмжийн төслийг хэлэлцэн баталж, зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусган төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.