Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16:00 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллав.
Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.
Дадлага, сургалт нь хоёр үе шаттай явагдлаа. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугархад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсов. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж, Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларлаа.Энэ үеэр Соёл урлагийн талбайд дүүргийн албан байгууллагууд цугларлаа.
Одоо Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд гал түймрийг унтраах, аврах ажиллагааны хамтарсан тактикийн сургуулийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, мэргэжлийн ангиуд хамтран зохион байгуулах гэж байна.