Налайх дүүрэгтээ аж төрж амьдран суугаа эрхэм хүндэт казак түмний нар наашилсан Наурызын баярын хурал өнөөдөр дүүргийн Соёлын ордонд боллоо. Баярын хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож, баярын мэнд дэвшүүлсэн юм.
Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт 2 үндэстэн 22 угсаатан оршин суудаг юм байна. Тус дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр Казак иргэд ирж оршин сууж эхэлсэн бөгөөд одоо нийт оршин суугчдын 12 хувийг Казак иргэн эзлэж байна. Тэдний ихэнх нь Налайхын уурхайгаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд соёл, урлаг спортын олон алдартнууд, хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй баярын хурлыг нээж “ Зуун зууны тэртээгээс уламжлагдсан ирсэн Дорно дахины ард түмний хаврын баярыг тохиолдуулан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа нийт Казак иргэддээ чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, өдөр, шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг Наурызын баярыг Монголын Казак түмэн минь өнөөг хүртэл тэмдэглэн үр хойчдоо өвлүүлэн уламжилж, ёс заншлаа хадгалан ирснийг бахархан тэмдэглүүштэй юм гэдгийг онцлоод аялгуут домбороо эгшиглүүлэн, ая дуугаараа түрлэг өргөж, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье ” гэсэн юм.
Казак түмэн жил бүрийн 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Казак хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казак хэлэнд Наурыз гэж нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаан, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байж. Дараа нь “газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийг нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёс байсан аж. Казакууд үндэсний болон цэвэрхэн хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлдэг байна.
КАЗАК АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ:
Дүүргийн удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран Наурызын баярыг угтан дүүргийн 200 гаруй Казак ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, ХХҮХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг, 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Дуламсүрэн нар оролцлоо.
Нийт Казакчууддаа Нарны баяр, Наурызын баярын мэнд хүргэе!