Тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихад дүүргийн Засаг даргын оролцоог нэмэгдүүлэх, энэ төрлийн албадлагын арга хэмжээ авагдсан, тэнсэгдсэн этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгэмшүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрт тавих хяналтыг хуульд заасны дагуу хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 03-р сарын 12-ны өдөр “Тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт” нэгдсэн уулзалт зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлйыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, хороодын Засаг дарга нар болон тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээтэй этгээдүүд оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллах, хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр харилцан санал солилцсон юм. Уулзалтаар Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, хошууч Я.Батгэрэл “Тэнсэгдсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт” сэдвээр хуулийн зүйл заалтыг тайлбарлан, яриа таниулга хийв. Мөн тэнсэгдсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан Налайх дүүрэгт бүртгэлтэй 20 гаруй иргэнтэй уулзалт хийж, тэдэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав.
Цаашид төр, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, уялдаа холбоог сайжруулах, шүүхээс гаргасан шийдвэрийг, судалгааны хамт тухай бүр хороодод хүргүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг улирал бүр тайлагнаж ажиллахаар боллоо.