XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон шар нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ИТХ-ын төлөөлөгч нар алд цэнхэр хадгаа дэлгэн амар мэндээ эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, төрийн золголт ёслол төгөлдөр боллоо.
Дүүргийн удирдлагууд айлчлан ирж байгаа шар нохой жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, арвин их үр тариа хурааж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, налгар сайхан хавартай золгож байгаа талаар яриа хөөрөө дэлгэлээ.
Төрийн золголтод уламжлал ёсоор "Сайн номуун" хийдийн лам хуврагууд хүрэлцэн ирж жилийн засал хийж, ном хуран, Соёл урлагийн ордны авьяастнууд аялгуут сайхан ерөөл магтаал өргөлөө.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ