2018 оны 02 сарын 02-ны өдөр 6-р хорооны ИНХ боллоо. Хуралдаанд тус хорооноос сонгогдсон Тэргүүлэгч Э.Хорлоо, хорооны ИНХ-ын дарга Д.Лочин, хорооны Засаг дарга Ц.Болд, ИТХ, Цагдаагийн Хэлтэс, ЭМТ, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн Хяналтын хэлтэс, Газрын алба, ЗДТГ-ын холбогдох дарга нар болон 60 гаруй иргэд оролцлоо.
Налайх дүүргийн 6 дугаар хороо нь 4 хэсэгтэй, 2017 оны жилийн эцсийн байдлаар 652 өрхийн 1711 хүн амтай. Үүнээс малчин 207 өрхийн 10633 толгой малтай. Нутаг дэвсгэрт Төрийн байгууллага-6, Амралт аялал жуулчлалын бааз-94, Хүнсний дэлгүүр-13 зэрэг ААНБ-ууд үйл ажиллагаа явуулдаг. 2017 онд нийт 227 албан бичиг шийдвэрлэж, иргэдээс нийт 308 өргөдөл хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжилсан. 116 иргэнд цахим үнэмлэхийг олгож, шилжилт хөдөлгөөнөөр 223 иргэнд, дахин олголтоор гэрлэлтийн гэрчилгээ 2 иргэнд, 19 хүүхэд төрснийг болон 10 иргэн нас барсныг тухай бүр хорооны мэдээллийн программд өөрчлөлтийг оруулан ажиллажээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр: Шилжрээгийн 2,3 дугаар гудамж болон авто зам дагуу 71 ширхэг лед гэрлийг 148,5 сая төгрөгөөр суурилуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр: Болорын хэсэгт шинээр гүний худгийг 10 сая төгрөгний төсвөөр барьж ашиглалтанд оруулжээ.
2017 онд хорооны Засаг даргын ажлын алба хорооны байрны гаднах засварын ажил, Шилжрээгийн хэсэгт мод үржүүлгийн газрыг “Төгс Тэрэлж” ТББ шинээр байгуулан 2,7 га газарт 5753 ширхэг мод бут, сөөг суулгасан. Шилжрээгийн хогийн цэгийг хааж, энгийн хог хаягдлыг Налайх дүүргийн төв хогийн цэгт зөөвөрлөн хүргэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 20,000 боодол өвсийг малтай 196 өрхөд хөнгөлттэй үнээр хүргэсэн. Жон Вангийн овоон дээр сүлжээ сайжруулах утасгүй интернэт болон үүрэн телефоны сүлжээ сайжруулах цамхагийг “СИ ЭС ПИ” ХХК барьж ашиглалтад оруулсан. Баруун салааны хэсэгт трансформатор шинээр барисан.
Цаашид цэцэрлэг, сургуулийн барилгыг барьж ашиглалтанд оруулах, Эко Налайх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналтын камерууд бий болгох, Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, гудамжны хаяг, дугаарыг шинэчлэх, газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.