Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулж, олон жилийн түүхийг бичилцэн явсан Налайх дүүргийн уурхайчид 2017 оны 12-р сарын 25-ны өдөр “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол эх орныхоо нэрийн хуудас болж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундарсан арвин баялаг түүх, алдар гавьяа, аж үйлдвэржилтийн хөгжил Налайх дүүргээс эхлэлтэй.
Бидний өвөг дээдэс, Монгол улс орныг үүсгэн байгуулсан их удирдагчид дэлхийн түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн их гүрнийг байгуулалцаж явсан билээ. Хөрсөн доорх энэ их баялаг зөвхөн Монголчууд бидний хөгжил дэвшилд хүргэх хөдөлгүүрийнх нь түлш болно гэдгийг манай Налайхын уурхай харуулж өгч чадлаа. Ардын хувьсгал ялсны дараа байгуулагдсан Засгийн газар 1922 оны 12 сард нэгэн чухал шийдвэр гаргасан нь Налайхын нүүрсний уурхайг байгуулах шийдвэр билээ. Энэ бол эх орныхоо гал голомтод илч гэрэл нэмсэн Монгол Улсын уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн суурийг тавьсан түүхэн үйл явдал байсан юм. Тэр дурсгалт өдрөөс хойш 95 жилийг ардаа орхижээ. Түүхт энэ өдөр, цаг мөчийг өнөөдөр бид дурсан тэмдэглэж байгаадаа баяртай байна” Улс орныг илч гэрэл, халуун дулаанаар түгээж, их уурхайг ажиллуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол үе үеийн уурхайчид билээ.
Бид түүхэн хүмүүсээ мартах учиргүй.Монгол улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав, Хөдөлмөрийн баатар Х.Түвшин, Отгонцагаан, Залил, Чанкий, Батлай, Орногвай, Пүрэвээ, Окобал, Дэмбэрэлдорж нарын алдар суутнууд, Дорж, Лувсанчоймбол, Мавлет нарын төрийн шагналт уурхайчид, Пүрэвээ, Сандаг, Жанчив, Дамдинсүрэн нарын 10 гаруй гавьяат уурхайчид бол бид бүхний бахархал юм.
Налайх дүүргийн үе үеийн уурхайчид уурхайчдын баярын энэ өдөр түүхт ойгоо тэмдэглэн Монгол Улсын ууган баатар Даваажавын хөшөө болон уурхайчдын алдрын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж, баярын хүндэтгэлийн хурлаа хийлээ.
Уурхайчдын баярт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон их уурхайн үе үеийн дарга нар, уурхайчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, он жил өнгөрөх тусам мартагдаж байгаа хуучны сайхан цагаа дурсахын зэрэгцээ олон уурхайчид энгэрээ мялааж, төрийн хүндэт одон медалиуд хүртсэн юм.
Уурхайчдын баярын хурлын үеэр Налайхын их уурхайн түүхийг харуулсан "Амьдрал тэтгэсэн Алтан уурхай" баримтат кино нэвтрүүлгийг үзэгч олонд сонордуулсны зэрэгцээ одоо ажиллаж байгаа уурхайчид дүүргийн төв талбайд хүндэтгэлийн ёслолын буудлага буудлаа.