Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, Налайх дүүргийн ИТХ-ын 10 албан хаагч дүүргийн Улаан Загалмайн Хорооны гишүүнээр элслээ. Улаан Загалмайн Хорооны дарга Д.Отгон Улаан Загалмайн хорооны үйл ажиллагааны чиглэл, үндсэн зарчмын талаар мэдээлэл өгөв.
Улаан Загалмайн Хороо нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, нэрвэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн амьдралын чанарыг сайжруулах, хүүхэд залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг. Энэрэнгүй байх, бие даах, шударга байх, төвийг сахих, сайн дурын байх, нэгдмэл байх, түгээмэл байх гэсэн үндсэн 7 зарчмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.