2017 оны 12-р сарын 01-ний өдөр Хятад улсын Шандун мужийн Лин-И хотын төлөөлөгчид Налайх дүүргийн Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар дүүргийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчидтэй санал солилцлоо. Уулзалтанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Д.Алтандөш, К.Сейтхан, Налайх Барилгын материал үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал нар оролцов. Уулзалтын үеэр Лин-И хотын төлөөлөгчид ярихдаа “Хятад улсын Шандун муж бол үйлдвэрийн хот билээ. Ялангуяа Лин-И хот бол хүнс, мод, машин механизмын үйлдвэрийг голлон эрхэлдэг арвин их туршлагатай тул танай үйлдвэрийн парктай хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
Энэ үеэр Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй “Налайх дүүрэг бол аж үйлдвэрийн ууган хот. Үйлдвэр эрхлэгчдийг бид бүх талаас дэмжих бодлого баримтлан, татварын хөнгөлөлттэй нөхцлийг санал болгож байгаа. 2018 онд эхний 6 үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар бид төлөвлөж байна.Тус паркид үйлдвэр эрхлэхийг хүсэгчдэд тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Тухайлбал: Техник эдийн үндэслэл нь тодорхой, зах зээлээ тооцсон, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж нэвтрүүлэх, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмэр оруулах, орон нутгийн иргэдийг сонгон авч сурган, ажлын байраар хангах зэрэг шаардлага тавьсан. Үйлдвэр эрхлэгчид зөвхөн Монгол улсын зах зээлд нийлүүлэхээс гадна бусад оронд экспортлох боломжтой юм. ” гэдгийг онцоллоо.