Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар ажлаа хүлээж аваад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдийн санал хүсэлтийг авч, цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган ажиллах зорилгоор 2017 оны 11-р сарын 16-ны өдөр “Дүүргийн ИТХ, ЗД нэг жилийн үйл ажиллагааны тайлан” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Тайлант хугацаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид 5 удаа хуралдаж, 2017 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 онд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг томоохон асуудлыг хэлэлцэн баталсан.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар 743,7 сая төгрөгөөр 44 ажил хийхээр хэлэлцэн баталсныг дүүргийн Засаг дарга, түүний ажлын алба хэрэгжилтийг нь бүрэн ханган ажиллажээ.
Энэ жил Налайх дүүргийн хувьд их бүтээн байгуулалтын жил байлаа. Тухайлбал, Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж ашиглалтанд оруулан, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн байртай болж, 1,7-р хорооны жишиг өрхийн эмнэлгийн шавыг тавиад байна.
Энэ үеэр дүүргийн ЗДТГ-аас төрийн байгууллагууд хамтран ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн "Гэрт нь хүрч үйлчлэх" үйл ажиллагааны гэрээг байгуулсан бол дүүргийн ИТХ-аас дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж ажилласан “Бүтээлч хөгжлийн зөвлөл”-өөр Л.Цэцгээ даргатай 5-р хорооны Хөгжлийн зөвлөлийг шалгаруулан шагнаж, урамшуулсан юм.